
Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдааг өчигдөр буюу энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн захиргааны байрнаас цагдаа нар баривчлан саатуулж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсээс албадан баривчласан байна. Тус байгууллага Нийслэлээс хүлээлгэн өгсөн 60 хүнийхээ зардлыг нэхэмжилж нийслэлийн удирдлагуудтай зарга үүсгээд байсан бөгөөд 13.00-14.00 цагийн үед НЗДТГ-ын гадаа жагсаал цуглаан зохион байгуулжээ. Энэ талаар Г.Загдаагийн охин Солонгоос тодруулахад "Одоогоор цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь ямар ч мэдэгдэл өгөөгүй. Бидний таамаглаж байгаагаар бослого цуглаан зохион байгуулснаараа буруутаж байх шиг байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсээс өчигдөр 17.00 цагийн үед баривчилсан. Бидний хамгийн их айж байгаа зүйл бол аав маань өчигдрөөс хойш хуурай өлсгөлөн зарласан гэсэн. Ус ч уугаагүй гэсэн. Аав минь 3 удаа зүрхний хагалгаанд орсон. Одоо Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм билээ" гэлээ.