
УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх, Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийг ОХУ-аар дамжин оргон зайлсан тухай мэдээлэл гарах болов. Түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа зэрэг хүмүүстэй хамтран, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, гадаадаар дамжуулан угаасан хэрэгт буруутгаж буй.
Улмаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг уг хэргийг шалгаж байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр А.Гансүхийг яллагдагчаар татаж, тогтоолыг нь танилцуулсан гэдэг. Тэрбээр зургадугаар сарын 16-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан бөгөөд хилийн хориг тавьчихаад байхад гадаад руу явжээ. Түүнийг Интерполоор дамжуулан эрэн сурвалжлахаар боллоо хэмээн зарим хэвлэл онцолж байгаа юм.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “2016 оны сонгуультай холбоотойгоор гадаадаас туршлага судлуулахаар явуулах хүсэлт УИХ-ын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнаас Улсын ерөнхий прокурорт ирсний дагуу хилийн хоригийг нь түр хугацаагаар цуцалж явуулсан байна лээ. Энэ сарын 7-нд буцаж ирэхээ мэдэгдсэн. Сонгуулиар далимдуулж үнэхээр оргон зайлсан, хугацаандаа эх орондоо ирэхгүй бол Интерполд хандан эрэн сурвалжлуулж, баривчлах арга хэмжээ авна” гэлээ.