
Агаарын бохирдлын улмаас амиа алдагсдын тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, хүмүүсийг үхэлд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвдүгээрт энэ аюул жагсах хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Өнгөрсөн жил гэхэд л дэлхий дахинд 6.5 сая хүн энэ аюулын уршгаар амиа алдсан гэж дээрх байгууллага судалгаандаа дурджээ.
Энэ нь хоёр жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Учир нь Олон улсын агаарын чанарын агентлагийн 2014 онд хийсэн судалгаагаар бол дэлхийн хүн амын 2.7 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй эмгэгтэй бөгөөд жилд 1.6 сая хүн амьсгалын замын өвчнөөр хорвоог орхиж буй гэсэн тооцоо гарчээ. Олон сая хүн агаарын бохирдлоос болоод нас барж буй нь дээрх асуудалд дэлхийн улсууд, тэр дундаа буурай хөгжилтэй орнууд анхаарах шаардлагатайг эрдэмтэн судлаачид онцлов.
Агаарын бохирдлоос болж нас барсан 6.5 сая хүний олонх нь буурай хөгжилтэй орнуудынх байсан гэнэ. Мөн агаарын бохирдлын хэмжээ өнөөгийнх шиг нэмэгдсээр байвал 10 жилийн дараа гэхэд шинээр мэндэлж буй нийт нярайн 70-80 хувь нь өсөлтгүй, амьсгалын замын болон зүрх, судасны ямар нэгэн эмгэгтэй төрөх нь.
Дашрамд дурдахад, ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагссан байна. Эхний хоёр байрыг урд хөршийн Бээжин, Ираны Авхаз хот эзэлжээ.