
Батлан хамгаалах яамны удирдах албан тушаалтнуудтай холбоотой нэгэн шинэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлж буй тухай мэдээлэл ирлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АТГ-ын мөрдөн байцаагчид өчигдрийг хүртэл БХЯ-нд ажиллаж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлж авсан гэнэ.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Маш нууцын зэрэглэлтэйгээр БХЯ-ны удирдах 2-3 албан тушаалтныг мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллага шалгаж байгаа нь үнэн. Нууцын зэрэглэлтэй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын 2-3 хүнийг хандив тусламжийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, хувьдаа завшдаг байж болзошгүй хэмээн сэрдэж буй аж.
БНТУ-аас манай зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт жилдээ нэлээд их хэмжээний тусламж үзүүлдэг юм байна. Түүнийхээ заримд нь цэргийн алба хаагчдад зориулсан гутал нийлүүлдэг гэнэ. Тэрнийх санхүүжилтээс дээрх албан тушаалтнууд завшсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа аж.