
Цагдаа: -Чи түрүүн орсон ш дээ. Яагаад дахиад энд дугаарлаж байдаг билээ.
Эмэгтэй: -Үгүй би ороогүй. Эндүүрээд байна.
Цагдаа: -Чи яасан айхтар эмэгтэй вэ. Бусдадаа боломж олго. Настай хүмүүс хүртэл дарааллаараа орж байхад...
Энэ яриа Бөхийн өргөөний гадаа өчигдөр болсон юм. Жилдээ ганцхан тохиодог Үндэсний их баяр наадмаа Төв цэнгэлдэхэд очиж үзэхийг хүссэн иргэд тасалбар авахын тулд энд гурав, дөрөв хоногийн өмнөөс хонон өнжин дугаарласаар өчигдрөөс л авч эхэллээ. Тасалбар зардаг газрын гадаа жилийн жилд уртаас урт дараалал, эмх замбараагүй байдал үүсдэг.
Өнөө жил ч тэр дүр зураг харагдав. Наадмын тасалбар борлуулж буй Соёлын төв өргөө, Бөхийн өргөө бухимдсан иргэдийн хөлд дарагдсан байлаа. Наадам зохион байгуулах комиссынхон тасалбарыг өчигдөр дээрх хоёр цэгт 10.00 цагаас борлуулж эхэлнэ гэж мэдээлсэн ч хэлснээр болоогүй нь өчнөөн цаг дугаарласан иргэдийг бухимдуулж орхижээ.
Тухайлбал, Бөхийн өргөө 11.30, Соёлын төв өргөө 12.00 цагт эхний ээлжийн хүмүүсээ оруулсан байв. Иргэдийн хэлж буйгаар тасалбар түгээгч оройтож ирснээс ийм зүйл болсон гэнэ. Суудлын байршлаас хамаарч тасалбарыг 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаж байв. Гадаадын жуулчдынх харин 25 ам доллар аж. Бөхийн өргөөг тойрсон урт дараалалд ээлжээ хүлээн зогссон бүсгүй “Жил болгон л ингэж иргэдийг бухимдуулж, тасалбар олгодгийг ойлгохгүй байна. Техник технологи хөгжсөн үед заавал ингэх хэрэг байдаг юм уу. Цахимаар олгочихож болно шүү дээ. Наадмын тасалбар авахын тулд ингэж цаг үрмээргүй байна” гэж их л бухимдангуй өгүүлсэн юм.
Тасалбар борлуулж буй гэх албаны хүмүүсээс тодруулга авахаар хаалга руу “зүтгэсэн” намайг иргэд “Дараалал дайрах гэж байна” гээд золтой л түлхээд унагачихсангүй, шатнаас буулгачихав. Жирэмсэн эх, өндөр настан, хүүхдээ тэвэрсэн ээж тэнд олон. Бөхийн өргөөний гадаа харьцангуй олон хүн цугласан учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 30 гаруй албан хаагч зохицуулж байлаа.
Тэдний нэг “Бид тасалбар зарагдаж дуустал энд ажиллана. Иргэд дараалал дайрч, хоорондоо муудалцах зөрчил нэлээд гарч буй учраас бид анхааралтай хянаж байна” гэсэн ч Соёлын төв өргөөтэй харьцуулахад тайван байлаа.
Биднийг Соёлын төв өргөөний гадаа очиход бужигнасан олон хоорондоо хэрэлдэж, биенээсээ урьтах гэж улайрч байв. Тэнд дугаарлаж байсан нэгэн өвөө өчигдөр шөнө ухаан алдаж унасан гэдгийг иргэд хэлсэн юм. Цугласан иргэдийн дунд ашиг хонжоо хайсан хүн ч олон гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж байв. Тэд гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө дугаарлан, олон тасалбар авчихаад өндөр үнээр худалддаг аж. Өнгөрсөн жил гэхэд л наадмын нээлтийн тасалбар 150 мянгад хүрчээ.
Тасалбарыг гурван хоног зарна гэж албаныхан хэлсэн ч ACEM-ын хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, уулзалтууд эхэлсэн учраас тасалбар түгээх ажил удаан үргэлжлэхгүй болов уу гэсэн таамаг иргэдийн дунд байв.
1.3 сая хүнтэй, дээрээс нь гадаадын жуулчид, хөдөөгийнхнөөр “бүл нэмдэг” нийслэлийн хувьд 12 мянган тасалбар дэндүү чамламаар гэдгийг иргэд шүүмжилж байлаа.

