
Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болно. Баярын өдрүүдэд рэйлбус буюу төмөр замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм байна. Тодруулбал, наадамчид энэ сарын 10-14-нд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос Давааны өртөө хүртэл төмөр замын автобусаар явах боломжтой аж.
Рэйлбусыг 07.20-20.00 цагийн хооронд өдөр бүр дөрвөн удаа явуулах бөгөөд аль буудлаас сууж буйгаас хамааран иргэд 500-2000 төгрөг төлөх ажээ. Харин уг өртөөнд очсон иргэдийг Хүй долоон худаг руу том оврын таван автобусаар үнэгүй тээвэрлэнэ. Рэйлбусын үйлчилгээний цагийн хуваарийг дороос харна уу.
