
Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгорын УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай 17 сая төгрөгийн хаалтын гэрээ байгуулсан хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр тарж шуугиан дагуулсан. Тэгвэл тэд энэ тухайгаа өнөөдөр MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсны тайлбар хийлээ.
Энэ үеэр Э.Цэрэндолгор “Сүүлийн 3 долоо хоногийн турш намайг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай 17 сая төгрөгийн гэрээ байгуулсан, бусдаас шантаажилж мөнгө авдаг, МҮҮНИЙ тухай асуудлыг дэгдээсэн гэсэн цуурхал гарсан. Бусдын нэр төр, алдар хүндэд санаатайгаар халдах нь эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс би үүнийг зүгээр өнгөрөөхгүй, хуулийн байгууллагад өгч, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд МҮҮНИЙ тухай асуудлыг дэгдээсэн нь үнэн. Гэхдээ хэн нэгний нэр хүндийг барьцаалж, мөнгө шантаажилж байсан удаагүй. Сүүлийн 5 жилд цахим ертөнцөөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ баримттай ярьдаг байсан.
Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ “Ц.Цогзолмаа миний бие Сонгуулийн хуулийг дагаж мөрдөх, зөрчилгүй байх үүднээс сонгуулийн үеэр миний эсрэг явуулсан эсрэг хар PR-ийн зорилготойгоор над руу чиглэсэн гүтгэлэг, доромжлолд тухайн үед ямар нэгэн тайлбар хийгээгүй өнөөдрийг хүрсэн болно.
Миний бие хүүхэд наснаасаа ижий аавынхаа өвлүүлсэн бурханы шашиндаа сүсэглэн залбирдаг Монгол эмэгтэй, Монгол эх хүн билээ. Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “МҮҮНИЙ” шашинтан хэмээн бичигдсэн нь огтхон ч ор үндэслэлгүй гэдгийг үүгээр дамжуулан уламжилж байна. Энэ асуудлыг зохих журмын дагуу хуулийн байгууллагад хандаж, нэр хүндээ сэргийлгэхээ мэдэгдье” гэсэн байна.
Мөн НАМЭХ-ны Ажлын албаны дарга Б.Халиуны мэдэгдсэнээр Э.Цэрэндолгор болон Ц.Цогзолмаа нар огт уулзалдаж байгаагүй бөгөөд 17 сая төгрөгийн гэрээ байгуулаагүй гэнэ.