
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хурдан морьдын уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Хязаалан өглөө 08:00 цагаас мордох байсан ч борооны улмаас хойшлон 10:00 цагаас гарааны зурхай руу хөдөлсөн юм. Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар, газрын 300 гаруй шандаст хүлэг хурд сорив. Өмнөх жилүүдэд төрийнхөө их баяр наадамд айраг, түрүү хүртэж байсан Д.Хишигжаргалын хүрэн халзан, Төв аймгийн Баян сумын уугуул П.Алтансүхийн бор, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Б.Баттөрийн буянт хул, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хүрэн зэрэг цуут хүлэг олон байлаа.
Дундговь аймгийн Хулд сумын харьяат Б.Лхагва-Очирын зээрд үрээ гарсан цагаасаа өнгөлж хурдалсаар төрийн наадмын түрүү магнайгаар тодорч, уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрахын бор үрээ хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын харьяат Нэргүйн Батжаргалын шарга үрээ гарсан цагаасаа хөтөлж уралдсан ч хараахан түрүүлж чадалгүй айргийн гуравт хурдлав. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Ц.Энхтайхан хүрэн , айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн бор хязаалан тус тус хурдаллаа.