
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 80 жилийн энэ онд тохиож буй. 1936 оны гуравдугаар сараас хойш өдгөөг хүртэл хууль, хүчний байгууллагын 3000 алба хаагч энэхүү эрхэм цолыг хүртжээ. Тэдэн дунд Улсын баатар хурандаа болон нэг гэр бүлээс “төрсөн” хурандаа ч цөөнгүй бий.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадмын өмнө хурандаа цолтнууд шинэ гишүүдээр бүл нэмлээ. Монгол Улсад эмэгтэй хурандаа цөөн. Тэгвэл өчигдөр ЗХЖШ-ын Ар талын газар, эрүүл мэндийн хэлтсийн дарга Л.Ганчимэг хурандаа цол хүртлээ.
Ингэснээр жанжин штаб хоёр эмэгтэй хурандаатай болов. Ингээд зогсохгүй тэрбээр эмч мэргэжилтэй анхны эмэгтэй хурандаа болсноороо онцлог юм. Тэрбээр “Армийн эмэгтэй хурандаа цол авахад шалгуур өндөр байдаг. Цол дагаад хариуцлага улам өндөр болно. Зэвсэгт хүчинд ажиллаад 20 жил болсон ч би өөрийгөө “түүхий” хэвээр гэж боддог. Хийсэн ажлыг минь үнэлж, цаашид хийх ажилд минь урам өгч энэ хүндтэй цолоор шагнасанд баярлаж байна. 1990 оны сүүлчээр эмэгтэй хүн хууль, хүчний сургуульд сурах нь ховор байсан. Тиймээс энэ хүндтэй цолыг авсан эмэгтэй ховор байдаг болов уу. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн болохоор эмэгтэй хурандаа олон гарах байх” гэв.
Мөн “Би багаасаа л зэвсэгт хүчинтэй холбогдсон. Аав минь цэргийн бэлтгэл хурандаа хүн. Надад цэргийн эмнэлэгт ажиллахыг санал болгож, өнөөдрийн эхлэлийг тавьсан. Ханилсан хүн минь цагдаагийн хурандаа. Ээж болчихоод ажлаа хийхэд хүнд үе байсан ч зэвсэгт хүчинд ажиллах болсондоо харамсаж байсан удаагүй” гэлээ.