
Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны зүүн талын жигүүрийг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын жигүүрийг Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, улсын аварга О.Балжинням манлайлан барилдлаа. Тэгш ой тохиож буй энэ удаагийн наадамд 1024 хүчит бөх зодоглон барилдах юм. Үүнээс улсын цолтой 131 бөх зодоглон барилдаж байна. “С.Мөнхбатаас бусад аварга харьсан. Тиймээс энэ удаагийн наадмаас шинэ аварга төрөх тун магадлалтай” гэж бөхийн хорхойтнууд ярьж байна. Бүр хоёр аварга цолтон төрөх магадлал байгаа аж. Эр бяр нь тэгширч, ид барилдаж буй улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь нар энэ удаагийн наадам ес давахад аварга цолны болзол хангах юм. Түүнчлэн 10-аас дээш улсын начин цолтон төрөх магадлалтай аж. 2001 оны Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглон барилдахад 17 бөх начин цол хүртэж байсан удаатай. Улсын наадамд олон жил сайн барилдаж байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон нарыг улсын цолны босго алхана гэж бөх сонирхогчид таамаглаж байна.