
Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам...
Дорнын хөх тэнгэрийг донсолгосон хүлэг морьд нь ирж, дээлтэй наадмын хойморт дархан нум нь эвшсэн Монгол наадам эхэллээ. Энэ жил Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт ой тохиож буй.
Наадмын нээлт 11.00 цагаас эхэлж, Төрийн хөлт есөн цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа. Үүний дараа баярын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр “Наадамчин олны уухайн түрлэг болсон Монгол наадмын энэхүү хоймроос 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Монгол түмний түүхийн дөрвөн тэгш ой тохиосон их баяр наадам маань өнгөтэй байна.
Монгол хүн байгаа манай гарагийн газар бүхэн наадам болж байна.
Зон олон Монголчууд минь заяа тэгш сайхан наадаг. Монгол наадмын баяр эхэлж байгааг тунхаглаж байна” хэмээлээ. Үүнийхээ дараа тэрбээр доош буун есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэхдээ Монгол бөхийн дэвэлтээр дэвж наадамчин олноо баясгасан юм.
Ингээд албан ёсоор наадмын нээлт эхэллээ. Энэ жилийн наадмын нээлтэд ҮДБЭЧ, УДЭТ, ХЦДБЧ-ынхан, рок попынхон гэхчилэн урлаг соёлын салбарын 250 хүн, Өмнөд Суданыг зорих энхийг сахиулагч 600 гаруй ардын армийн алба хаагчид гээд нийт 1500 гаруй хүн оролцож буй.
Учир нь Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн үе үеийн түүхийг зохиомжлон үзүүлсэн юм. Тухайлбал,
- Хүннү гүрний үе (МЭӨ II зуун)


- Их эзэн Чингисийн үе буюу Их Монгол Улсын үе (1162-1206 оноос эхлэн Хубилай хааны үе хүртэл) Энэ үе дуусаад МУГЖ дуучин Т.Ариунаа тэмээ унан гарч ирж “Хөх Монголын үр сад” дуугаа дууллаа.


- Олноо өргөгдсөн Монгол улсын үе (1911 он)

- Ардын хувьсгалын үе (1921 он)

- Монгол хүн сансарт ниссэн түүхэн цаг мөч – СОЮЗ 39 хөлөг (1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр)

- Орчин цаг (Хүүхэд багачуудын үзүүлбэр) байлаа.

Үүнээс гадна анх удаа таван метр өндөр, 14 метр өргөн лэд дэлгэц ашиглан, “давалгаа” үүсгэсэн бөгөөд түүхэн үе бүрийг илтгэсэн видео дүрс гарч байсан юм. Үүгээр “Миний Монголын наадам” хэмээх сүлд дууг үзэгч олонд толилуулсан юм.
Харин эцэст нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчид Монголын далбаатай шүхрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд бууснаар нээлт өндөрлөлөө.

Нээлтийн дараа хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт сайхан уламжлалыг хүндэтгэсэн юм.
Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа.
Тэрбээр дуут сумаар харвасныхаа дараа ард олонтойгоо наадмын сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ “Хотол олноороо сайхан наадаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа. Дөнгөж сая сурын зурхайд дуут сум тавилаа. Дуут сумыг аливаа баяр наадам, их үйл хэргийг нээхэд тавьдаг учиртай юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон ой давхацсан наадам болж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны ойн 10 жил тутамд нэг удаа 1024 бөх барилддаг. Энэ жил 1024 бөх барилдана. АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно. Тэгэхээр хөдөө орон нутгаас маш олон алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэдгийг хэлье.
Наадмынхаа нээлтээр Есөн хөлт их цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, нийт ард түмнээ баясгаж, бөхчүүдээ хүндэтгэж Есөн хөлт цагаан тугаа дэвж тойрлоо.
Би наадмыг найм дахь удаагаа нээлээ. Хувьдаа их бэлгэшээж байгаа. Би найман хүүтэй аав, ээжийн хүү байгаа юм. Ийм сайхан бэлгэшээлээр наадмаа нээсэндээ баяртай байна.
Монгол түмнийхээ буян заяа, аз хийморьт үргэлж залбирч явах болно. Та бүхий маань буян заяа, аз хийморь үргэлж өөдөө байг" гэсэн юм.