
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр цэнгэл их наадам дэлгэр сайхан боллоо. Монгол түмэн дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол наадлаа. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Шинэхэн аваргын талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.
-2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлэн сумын заан болжээ.
-2006 оны Дорноговь аймгийн наадамд тав давж Аймгийн начин цол хүртсэн.
-2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн.
-2008 оны Булган аймгийн наадамд зургаа давсан.
-2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
2011 оны улсын баяр наадамд долоо давж Улсын заан цол хүртсэн.
Мөн улсын наадамд гурван удаа (2007, 2008, 2010) гурав давсан.
-2013 он улсын баяр наадамд тав давж, чимэг нэмсэн.
-2014 онд улсын баяр наадамд долоон давж чимэг нэмсэн.
-2015 онд улсын баяр наадамд мөн долоо давж, чимэг нэмсэн.
-Сайхан сумын наадамд түрүүлсний дараа Цэрэн аваргын хүүхдүүд түүнд өөрсдийн урласан малгай, зодог шуудгийг бэлэглэж, өндөр амжилт гаргахыг ерөсөн гэдэг.
-Сайхан сумын лам түнд Намхай аваргын багадаа өмсөж байсан хуучин зодог шуудгийг өгсөн гэдэг
-Чөлөөт бөхөөр өсвөрийн УАШТ, оюутан залуучуудын УАШТ-д түрүүлж байсан. БНСУ-д болсон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж явсан юм.
-Түүний эхнэрийг Б.Солонго гэдэг. Булганы Хишиг Өндөр сумын харьяат. Гэргий нь Намхай, Лувсанжамба гэж алдартай аваргуудын үр сад.
-Шинэхэн аварга 15 настайдаа анх улсын наадмын өсвөрийн барилдаанд хүч сорьсон байна.
-2007 оноос Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх бөхчүүдийн тоонд орж эхэлсэн тэрбээр заалны барилдаануудад түрүүлж, дараа дараагийн жилүүдэд аймгийн цолтой бөх томоохон барилдаанд хэрхэн цойлж болдгийн бодит жишээг харуулсан. Үндсэн хууль, Улс тунхагласны ойн барилдаанууд, улмаар цагаан сараар ч өнөөх л Санжаадамба од болон гялалзаж, олны харцыг өөртөө татсаар ирсэн.
-Зөвхөн hiimori.mn сайтаас харахад аварга маань 2009 оноос 2015 оны цагаан сарын барилдаан хүртэл нийт 29 барилдаанд түрүүлж, зургаан удаа үзүүрлэжээ.
-Санжаа аварга 2003 онд Дарханд болсон үндэсний бөхийн УАШТ-д наймдугаар байр эзэлсэн түүхтэй. Тэр тэмцээнд одоогийн улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Говь Алтайаймгийн харьяат, улсын начин Л.Гантулга, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Өвөрхангайн аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном нар удаах байрт орж байжээ.
-Тэрбээр олон содон амжилтаараа үндэсний бөхийн түүхийг баяжуулсан. Анхдагч хэмээн тодотгох сонирхолтой баримт цөөнгүй. Тэрбээр Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд завсарлагагүй гурван жил манлайлсан эр. Гиннесийн номонд бүртгүүлэх 6016 бөхийн барилдаан мөн л түүнийх болсон. Нэг жилийн дотор түрүүлсэн заалны барилдаануудыг тоочвол улсын дээд амжилт гацаагүй тогтоох биз ээ.
-Түүний аав, ээж бүгд биерхүү хүмүүс. Түүний ээж нь амьд сэрүүндээ 40, 41 размерийн гутал өмсдөг байжээ.
-2002 онд сумын заан болоод 2006 онд аймгийн начин болтлоо зөвхөн сумын наадамд барилдсан гэдэг.
-Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2011 оны наадмын өмнө түүнд улсын аварга болоорой гээд шүрэн толгойтой цагаан манан хөөрөг гардуулж байжээ. Гэхдээ Ч.Санжаадамба тэр наадмаар аварга болж чадаагүй учир хөөргийг нь буцаан өгсөн гэдэг.