
Филиппиний ардын баатар, мэргэжлийн боксын нэрт тамирчин Мэнни Пакьяо рингэндээ эргэн ирэх үү?
Энэ талаар түүний промутерээр олон жил ажилласан Боб Арум нэгэн сонирхолтой мэдээллийг хийжээ. Түүний ESPN-ий албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлаганаас үзвэл нэрт боксчин их спортдоо эргэн ирэх бодолтой байгаа аж. Тэд ирэх аравдугаар сарын 29, эсвэл арваннэгдүгээр сарын 5-нд тулаан хийхээр HBO сувагтай уулзсан сурагтай.
Одоогоор хэнтэй тулалдах нь албан ёсоор тодорхой болоогүй байна. Пакьяог жингийнхээ шилдгүүдийн нэг дэлхийн аварга асан янки залуу Адрейн Бронертэй тулалдаж магадгүй гэсэн цуурхал тархсан. Гэхдээ Арум Бронерийн промутертай уулзаагүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ жил 37 настай Пакьяо өнгөрсөн дөрөвдүгээр сард Тимоти Брэдлиг шүүгчийн оноогоор ялсны дараа зодог тайлсан. Гэхдээ энэ мэдэгдлийнхээ дараа нэг бус удаа их спортоо орхих нь зөв шийдвэр эсэхийг мэдэхгүй байна гэх утгатай ярилцлага өгч байсан юм. Боксын бээлийгээ хананд өлгөснийхөө дараа өнгөрсөн тавдугаар сард болсон сенатын сонгуульд ялалт байгуулж, улс төрийн замналаа үргэлжлүүлэх болсон. Хэдийгээр их спортоо орхихоо зарласан ч Пак мэн байнгийн бэлтгэл сургуулилтаа орхиогүй гэж Арум хэлжээ.