
Энэ сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо Баян-Өлгий аймагт орсоны улмаас байгалийн гамшиг нүүрлэж, Ховд голын эрэгт оршиж сууж байсан 200 гаруй айл усанд автаж, бага насны нэг хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болоод буй. Үерийн улмаас 80 гаруй айлын хашаа байшин нурж, сүйдсэн байна.
Үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг тус аймгийн удирдлага Улсын онцгой комисст хүргүүлсний дагуу тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Хүсэлт ёсоор Улсын Онцгой комиссоос улсын нөөцийн сангаас үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөллөө.
Тусламжийг цувааг хүргэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж буй аж.
Түүнчлэн үерийн дараа халдварт өвчин гарах эрсдэл өндөр байдаг тул аймгийн эрүүл мэндийн салбарынхан 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комиссын удирдлагатай шууд холбогдон видео хурал зохион байгуулж ариутгал, халдваргүйтгэлийг хоёр өдрийн дотор хийж дуусгахыг үүрэг болголоо.