
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 10-ны 17.00-17.30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр үргэлжлэн орсны улмаас 151 өрхийн 640 хүн үерт автан орох оронгүй болж, дөрвөн настай хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Тус аймгийн Зэвсэгт хүчин, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цахилгаан түгээх сүлжээний газрын нийт 170 гаруй албан хаагч шуурхай ажиллан, үерээс 159 хүний амь аварчээ. Тухайлбал, нурсан байшинд дарагдсан таван иргэнийг гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.
Өлгий сумын байршил үер усны аюулд өртөх магадлал ихтэйгээс гадна ус зайлуулах суваг байдаггүй аж. Бусад сум нь голдуу Ховд голын ай сав дагаж байрлажээ. Үерийн үеэр айлуудын ухсан худаг нурж, нүх, цооног үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллан, үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, үерт өртөн орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлсэн юм.
Энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараас тодрууллаа.
-Баян-Өлгий аймагт гурав хоног ажиллалаа. Нөхцөл, байдал ямар байна вэ?
-Ажлын хэсгийнхэн долдугаар сарын 13-нд яваад өчигдөр (уржигдар) шөнө ирлээ. Одоо ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрынхан зөвлөмжийн дагуу сайн ажилласан байна лээ. Бид үерт өртөн, гэр оронгүй болсон олон хүнтэй уулзлаа. Тэдэнд их сайхан газар олгосон байна. Сэтгэл санаа нь тайван болсон. Газар дээр нь очиж, шийдвэр гаргана гэдэг нь Улсын онцгой комиссын ажил. Эхний ээлжинд 70 айлыг гэр оронтой болгох, 700 орчим хүнд 10 хоног хүрэлцэх хоол хүнсээр хангах, ариутгалын бодисын нөөц бага байгаа учраас хангалттай бодис хүргүүлэх шийдвэр гарган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад танилцуулсныг тэд хүлээн авсан. Тусламжийн цуваа нь одоо Говь-Алтай аймагт хүрээд байна.
-Үер усанд тэсвэр муутай барилгын материал хэрэглэхгүй байхыг иргэдэд сануулсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Үерт автсан айлууд шар шавар, нүүрсний хогоор блок цутган байшин барьсан байсан. Ийм материал усанд автахдаа амархан. Тиймээс дахин ийм материал ашиглахыг хориглох шийдвэр гарган, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нь үүрэг өгсөн. Дөрвөн настай хүүхдээ алдсан ар гэрийнхэнд нь Улсын онцгой комиссоос эхний ээлжинд сая төгрөг олгосон. Хэрэв шөнийн цагаар үер буусан бол хэчнээн хүн эндэх байсныг хэлэхэд амаргүй. Гэрэл гэгээтэй байсан учраас аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтынхан шуурхай ажиллан, олон хүний амь аварч чадсан. Дуудлага өгснөөс хойш таван минутын дараа тэд очсон байна билээ.