
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн долдугаар сарын 7-ны хурлаар Бэгзсүрэнгийн Шинэбаатарыг ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Тэрбээр 1982 онд Украины Киев хотын улсын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөнөөсөө хойш Комплекс импорт нэгдэл болон Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтэн, Худалдаа, үйлдвэрийн яамны Гэрээ эрхийн хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Мөн Монгол Улсаас Украин улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, “Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан байна.
Тус компани нь ерөнхий захирал, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоос гадна үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа, хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн таван орлогч бүхий удирдлагын босоо бүтэцтэй бөгөөд Б.Шинэбаатар нь ОХУ-ын эзэмшил дэх 49 хувийг төлөөлж байсан захирлын оронд томилогдож буй юм.