
Зуны XXXI олимпод оролцох эрх авсан 42 тамирчнаа үдэн мордуулах ёслол өчигдөр төв талбайд болов. 11.00 цагаас Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл спортынхны “шугам жагсаал” удтал үргэлжилсэн. Улмаар үе үеийн тамирчин, дасгалжуулагчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан суудалд тухлав. Олимпын наадамд эрх авч оролцдог болсон 1992 оноос Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 42 тамирчин (спортын есөн төрөлд)-аа Рио-2016-д сойхоор болсон нь түүхэн үйл явдал. Мөн паралимпын наадмын таван төрөлд найман тамирчин оролцох эрхээ өвөртлөөд буй.
Ийнхүү манай улс Бразил руу 50 тамирчнаа илгээх билээ. Баг, тамирчнаа үдэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцов.
Төрийн тэргүүн баг, тамирчдад хандан “Тив дэлхийн олимпоос медаль хүртсэн тамирчдад манай төр засгийн хайр хишиг, магтаал, ард түмний хүндлэл багадаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн, төр, засаг их зүйл хүлээж байгаа. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Тив, дэлхийн олимпоос медаль авсан тамирчид насан туршдаа ард түмэн, төр, засгаас тэтгэлэг авч байгаа. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Учир нь өмнөх олимпод оролцож байсан тамирчдаас хоёр дахин олон тамирчин Рио руу явж байна.
Монголын төр хоёр дахин илүү амжилтыг та бүхнээс хүлээж байгаа. Эх орон, ард түмэн тамирчдаа харж байгаа. Та бүхэнд амжилтын дээдийг хүсье” хэмээн өгүүлэв. Үүний дараа олимпод хүч үзэх тамирчдаа төлөөлөн Гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Д.Отгондалай нар “Зуны олимпын наадамд үнэнч шударга өрсөлдөн, эв нэгдэл, нөхөрлөлийг хүндэтгэн дээдэлж, тамирчны ёс зүй, дүрмийг сахин биелүүлж, сэргээш болон хориотой зүйл хэрэглэхгүй. Монгол эх орныхоо нэр төрийг эрхэмлэн, спортын өндөр амжилт гаргахын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулахаа Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын өмнөөс тангараглая” хэмээн тангараг өргөв.
Саяхан ОХУ-ын Сахад болсон Азийн хүүхдийн наадамд манай өсвөрийн тамирчид амжилттай оролцон 14 алт, есөн мөнгө, 25 хүрэл, нийт 48 медаль хүртсэн бөгөөд тэд Сахагийн тэнгэрт мандуулсан төрийн далбаагаа Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад гардуулан өглөө.
Улмаар алтан соёмбот төрийн далбааг Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч, Рио-2016-д өрсөлдөх манай багийн ахлагч Ж.Хатанбаатарт гардуулав. Эх орныхоо хөх тэнгэрт намирсан туг улмаар Риогийн олимпын тугч, жүдо бөхийн ОУХМ Баттулгын Тэмүүлэнд шилжсэн юм. Риог дайлаар мордох тамирчид нийтээрээ дурсгалын зураг татуулж, уг ёслол өндөрлөв. Риогийн олимп манайханд медалийн хур дагуулах болтугай.
ХЭН ЮУ ХЭЛЭВ
Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн:
-Боксын төрлөөр зургаан тамирчин Риог зорих эрхээ авсан. Бид олимпын бэлтгэлээ Хандгайтад байрлах “Олимп” цогцолборт хийж байгаа. Энэ газар нь далайн түвшнээс дээш 1450 метрийн өндөрт байрладаг юм. Бэлтгэл сургуулилалт жигдэрсэн. Манай боксчид энэ сарын 24-нд Бразил улсыг зорих болно. Одоогоор хурдны эрчимтэй бэлтгэлд орсон байна. Мөн бусад орны өрсөлдөгч тамирчдын судалгаа хийж байгаа.
Жүдо бөхийн ОУХМ, Монголын багийн тугч Б.Тэмүүлэн:
-Риогийн олимпод оролцох болсондоо баяртай байна. Бэлтгэл бүрэн хангагдсан. Техникийн барилдаануудаа хийгээд долоо хоногийн дараа Риог зорино. Долоо хоногийн өмнө очиж уур амьсгалд нь дасан зохицох юм. Риод өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэг удаа очиж байсан. Энэ удаа хоёр дахиа очих гэж байна. Рио-гийн олимпод Монголын баг тамирчид медаль арвинтай ирэх байх гэж бодож байна. Олимпын багийн тугч хийх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлнэ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн олимпод оролцох тамирчдадаа амжилт хүсэв
.jpg)
“Эрдэнэт үйлдвэр” Рио-2016 олимпын наадамд оролцох эрх аваад буй тамирчдаа үдлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” спорт хороонд 50 гаруй тамирчин харьяалагддаг. Энэ жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамирчдаас жүдо бөхийн ОУХМ О.Ууганбаатар, Б.Тэмүүлэн, чөлөөт бөхийн Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, буудлагын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, усанд сэлэлтийн Б.Дөлгөөн, Б.Есүй, паралимпын байт харвааны төрөлд А.Анхбаяр нар Рио-2016-д өрсөлдөх юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн нийгмийн асуудал эрхэлсэн захирал Б.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид нь тамирчдаа үдсэн бөгөөд тэрбээр “Байгуулагынхаа нэрийг өндөрт өргөж, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны XXXI олимпод оролцохоор болсон тамирчдадаа амжилт хүсье” хэмээн өгүүлэв.
ОЛИМПЫН МЕДАЛЬТ МОНГОЛЧУУД
