
“Хаягдал гэж байдаггүй. Хүмүүс түүнийг хэрхэн “чулуу” болгох аргыг л олж чаддаггүй юм” гэж нэгэн химич хэлж байж билээ. Хийж бүтээх хүсэл эрмэлзлээс гадна туршлага хуримтлуулчихвал бид бусдын гар харахгүй, олон зүйлийг айлаас эрэхгүй болох өөдрөг ирээдүйг тэр ийн зөгнөсөн. Түүний энэ үгийг нотолсон нэгэн үйл явдал өнгөрсөн баасан гаригт болсон нь гүүний эхэс боловсруулах үйлдвэрийн нээлт байлаа.
Монголд анхны гэх тодотголтой эл үйлдвэрийг Монгол, Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хорус блан Монгол” компани байгуулж буй юм. “Нохой, шувууны хоол болог” гээд өвөлжөө, хаваржааны хашаан дээрээ чулуудчихдаг байсан эхсийг дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашигласнаар хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна малчдын өрхийн орлого өсөж, манай улсын гадаад худалдаа хөгжихөд чухал ач холбогдолтой гэдгийг иргэд онцолж, ам сайтай байв.
Гүүний эхэс боловсруулах үйлдвэр Монголд байгуулах санааг мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж хэдэн жилийн өмнө бодож олжээ. Тэрбээр 2013 оноос өдий хүртэл энэ чиглэлээр чамгүй судалгаа, туршилт хийсний дүнд эхэс боловсруулж, түүхий эд бэлтгэх цэгийг эхний ээлжинд ашиглалтад оруулсан нь энэ аж. Цаашид адууны тос, сармис бэлтгэх, нунтаглах, агуулах, гүн хөлдөөх, ус цэвэрлэх, үйлдвэрлэл явуулах зэрэг зориулалтын 14 өрөөтэй “C”, “D” өргөтгөл барих төлөвлөгөөтэй буй гэнэ.
Бүтээн байгуулалтын эл ажлаа энэ онд багтаан дуусгаж, 2018 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр зэхжээ. Их аварга Д.Дагвадорж “Бид хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартай уялдаатай ажиллаж, Монголд үнэд хүрэхгүй байгаа зүйлсийг ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Ченж нарын оролцоогүйгээр малчдаас өндөр ханшаар шууд худалдан авч байгаа учраас амьжиргаанд нь нэмэртэй. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 50-100 хүнийг ажлын байраар хангана. Үүнээс 50 гаруй нь өндөр мэргэжлийнх байх болно.
...“Хорус блан Монгол” компани өнгөрсөн онд малчдаас дөрвөн тонн эхэс худалдан авч, Япон руу гаргаж шинжлүүлэхэд хариу нь сайн гарчээ. Ингэхдээ зургаан аймагт есөн агент ажиллуулсан бол өнөө жил 21 аймагт 12 агент ажиллуулж, 20 тонн эхэс худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн, Японы зах зээлд нийлүүлэх гэнэ...
Бидний энэ санаачилгыг хими, биологийн салбарын эрдэмтэд их сайшааж байгаа. Үйлдвэрээ байгуулахын тулд Засгийн газраас ямар нэгэн зээл аваагүй. “Ноос, нэхий жалганд хэвтэж, үнэгүйдэж байна” гэсэн шүүмжлэл сонгуулийн үеэр нэлээд гарлаа. Бид цаашид Багануурт ноосны үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. “Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүнээр удахгүй монголчууддаа бэлэг барина. “Төр, засаг муу ажиллаж байна” гэж гомдоллож суухын оронд шинэ боломж эрэлхийлж, зүтгэх хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр тус үйлдвэр байгуулахад хамтран ажиллаж, тусалж, дэмжсэн хоёр орны төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлсэн юм.
Гүүний эхсийг дахин боловсруулах үйлдвэр Монголд үүдээ нээсэн нь малчдад орлогын шинэ эх үүсвэр бий болгож буй. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, энэ нь үнэд хүрдэг гэдгийг зах зухаас нь ойлгосон малчид ч эхсээ урьдын адил хог мэтээр харахаа больж, гүүндээ “хайр зарлаж” эхэлсэн сурагтай. Тодруулбал, “Хорус блан Монгол” компани өнгөрсөн онд малчдаас дөрвөн тонн эхэс худалдан авч, Япон руу гаргаж шинжлүүлэхэд хариу нь сайн гарчээ. Ингэхдээ зургаан аймагт есөн агент ажиллуулсан бол өнөө жил 21 аймагт 12 агент ажиллуулж, 20 тонн эхэс худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн, Японы зах зээлд нийлүүлэх гэнэ. Эхэс худалдаж авахдаа маш сайн шалгадаг юм байна. Учир нь зарим эхсийг удаасны улмаас эвгүй үнэр орж, муудсан байдаг гэнэ. Нэгийг нь 20-30 мянган төгрөгөөр үнэлж буй аж.
Эхэс буюу placenta нь хүний эрүүл мэнд болон гоо сайханд чухал ач холбогдолтой уураг, амин дэм бүхий элементүүд агуулдаг. Тухайлбал, арьсны нөхөн төлжилтөд эерэг нөлөө үзүүлдэг коллаген, булчин бүрдүүлэгч peptide, биеийн дархлааг сайжруулж, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, залуужуулах шидтэй бодис ч бий. Тийм учраас япончууд хэдэн жилийн өмнөөс эхэс ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.
Гүүний эхсийг гоо сайхан үйлдвэрлэлд ашиглаж, Японы зах зээлд танигдсан эрхэм бол Мицүй Юүкио. Японы “Хорус”, “Blanc lamente pharmacy” компанийн захирал тэрбээр “Хүнээсээ олон адуутай улс гэдгийг сонсоод Монголд анх хөл тавьж байлаа. Бусад оронд тийм олон адуу байдаггүй учраас энэ чиглэлээр амжилт гаргах боломж монголчуудад бий. Бид эхэс боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсад экспортолдог. Залуу, эрч хүчтэй байхыг хүсдэг эмэгтэйчүүдийн хүслийг биелүүлэхэд эхэс тус болно. Монголын гүүний эхсийг дэлхийн зах зээлд ноёрхтол түгээнэ гэж бодож байгаа” гээд, нэгэн монгол биологич бүсгүйг эхэс боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид сургаж буйгаа хэлсэн юм.
Үйлдвэрийн нээлтэд хоёр орны олон хүндтэй зочин оролцохоор ирсэн байв. “Хорус блан Монгол” компанийн захирал Б.Баярсайхан “Манай компани Хөдөө аж ахуйн, тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хүргэж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан. Бидний боловсруулсан эхсийг эцсийн бүтээгдэхүүн болгоход чухал үүрэгтэй түнш Мицүйд талархал илэрхийлье. Япон улсын зах зээл маш өндөр шалгууртай. Түүнийг давчихвал дэлхийн зах зээл бидэнд нээлттэй гэсэн үг.
Цаашид хоёр орны хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг өргөжүүлж, боловсон хүчнээ дадлагажуулан, туршлагажуулах замаар хөгжүүлэхэд илүү анхаарна” гэсэн бол Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Монгол, Япон улсын бизнесийн салбар дахь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хэлэлцээрийн үр дүнд Япон руу олон бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдсэн.
Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд. Японы зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг нь дэлхийд танигдах гүүр, бусад орны хэрэглэгчдэд хүрэх шаардлага хангасан гэсэн үг. Биотехнологийн жишиг загвар бүхий органик бүтээгдэхүүний үйлдвэрийн нээлтэд оролцож буйдаа таатай байна. Үйлдвэр барих санаачилга гаргасан бүх хүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Малчдад нэмэлт орлого олох боломж бүрдлээ. Биотехнологийн загвар бүхий, ийм үйлдвэр Эмээлт, Аргалант орчим олон байгуулагдаасай” гэв.