
Ашиглалтын хугацаа дууссан, 12-оос дээш жилийн насжилттай микро автобуснуудыг ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар болсон билээ. Нийслэлийн Тээврийн газраас гаргасан судалгаагаар ийм 171 микро автобус халаагаа өгөхөөр болжээ.
Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Нийтийн тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай, тэгсэн хэрнээ том оврын автобус явах боломжгүй чиглэлүүдэд дээрх 45 микро автобус үйлчилгээнд явах аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянголын 22 дугаар хороо болон Баруунтуруун, Партизаны чиглэлийн иргэдэд хүрч үйлчлэх гэнэ.