
Монголын шилдэг компаниудын нэг "Номин холдинг" ХХК Лос Анжелест шинэ салбараа нээлээ. Улаанбаатар хотод гурван их дэлгүүр, долоон супермаркет, найман хайпермаркет, 10 бөөний худалдааны төв, Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт салбар худалдааны төвөө нээсэн тус компани ийнхүү хилийн чанадад салбараа нээсэн нь өнөөдрийн онцлох мэдээлэл байлаа.
Тус компаний холбогдох ажилтнуудаас энэ тухай тодруулахад "Тийм ээ, саяхан Лос Анжелест салбар нээсэн. Гэхдээ тодорхой мэдээлэл өгөх хараахан болоогүй байна" гэсэн юм.
"Номин холдинг" ХХК нь 1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” Хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5103 ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам хүнд үйлчилж, улсын төсөвт жилдээ 49 тэрбум төгрөг төлж Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг болоод байгаа юм.