
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Улаанбаатарт хотноо өнөөдөр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Сумогийн их аварга Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 25-27-ны өдөр Монголд зочилж байгаа юм. Тэрбээр технологийн чиглэлээр суралцдаг Монголын залууст зориулан энэ сарын 27-нд "Шинэ Монгол" технологийн дээд сургуулийн байранд лекц уншихаар төлөвлөжээ.
Жэк Ма нь өдгөө 49 настай, англи хэлний багш мэргэжилтэй хүн юм. 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ. 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлж байсан бол Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Тэрбээр Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалт дээр Хятадын тэрбумтан залуу үеийнхэнд хандаж хувийн зөвлөгөө өгчээ.
Түүний үзэж байгаагаар залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой вэ?
Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.
20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.
30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.
Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.
30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.
30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.
40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.
50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.
60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.
25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.