
Монголчууд БНСУ-д сурч, ажиллахаар зорих болсноос хойш 20 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд бид тэр улсын хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, урлаг соёл гээд тал бүрээр мэдэх болсон. Нэгэн үе солонгос давалгаанд монгол хүүхэд, залуус автаж, хэт туйлширч байгааг ч шүүмжилсэн. Гэхдээ ямартай ч манай хоёр орон олон салбарт хамтран ажиллаж, бат холбогдож чадсан бөгөөд энэ харилцаа улам өргөжиж буй. Үүний нэг илрэл нь Өмнөд Солонгосын алдарт “Имарт” /Emart/ худалдааны төв Монголд анхны салбараа нээж буй явдал юм.
25 жилийн түүхтэй “Алтай холдинг” “Имарт”-ыг Монголд нутагшуулахаар гурван жилийн турш бэлтгэж, байр саваа олон улсын стандартын дагуу барьж байгуулан, тоноглож, янзалжээ. Маргааш буюу энэ сарын 28-нд албан ёсны нээлтээ хийх тус хамт олон өчигдөр хэвлэлийн хурал хийж, мэдээллээ цацлаа.
“Имарт Чингис” хэмээн нэрлэсэн хайпермаркет 43.000 ам метр талбайд орчин цагийн худалдаа, үйлчилгээний төвийг цогцоор нь төвхнүүлжээ. Авто машины 260 зогсоол, түүний орох, гарах гарцыг тусад нь шийдсэн, 40 гаруй үйлчилгээний цэгийг нэг дор төвлөрүүлсэн, дотроо Мах бэлтгэлийн төв байгуулсан гээд тоочвол олон сайхан зүйл тэнд байна.
Олон улсын жишигт нийцсэн ийм газар Улаанбаатарт нээгдсэнээр 1500 ажлын байр шинээр бий болгож буй нь хамгийн олзуурхууштай санагдлаа. Үүнээс зөвхөн хайпермаркетад нь 300 монгол хүн ажлын байртай болжээ. Өөр нэгэн талархууштай зүйл бол Монголын үндэсний 400 гаруй компанитай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг нь тус газарт борлуулахаар гэрээ хийсэн гэсэн.
“Имарт Чингис”-ийн хамт олон 33.000 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр монгол үйлчлүүлэгчдийг нээлтийнхээ өдөр угтахаар зэхсэн гэдгээ дуулгасан. Нээлтийн үеэр урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна үйлчлүүлэгчдэд зориулан гэнэтийн бэлгүүдийг харамгүй бэлтгэсэн гэлээ. Нэг “нууц” задалъя. “Хямд үнээр илүү чанарыг” уриатай “Имарт”-ын Монгол дахь салбарын нээлтийг тохиолдуулан 70 хүртэл хувийн хямдралыг бодитоор үзүүлж, мэдрүүлхээр зэхжээ. Мөн сугалаат болон амталгаат худалдаа ч явуулах юм билээ.
“Монгол хүн та 100 насал” уриатай эдний хамт олон цаашид Улаанбаатар болон орон нутагт долоон салбараа нээхээр төлөвлөжээ. Ингээд зогсохгүй алсдаа Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг БНСУ-ын зах зээлд гаргах бодлоготой гэдгээ ч хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.