Нийгмийн хуваарилалт цалин тэтгэвэр, нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүрдэг. Эх үүсвэр нь татвар. Эдийн засагчид НӨАТ-ын шинэ систем маш сайн “саалийн үнээ” болсныг хэлж байна. Эрх баригч нам нэг хувийн татвар амалсан, өөрөөр хэлбэл 1.5 тэрбум төгрөгийн орлогод нэг хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн билээ.
Төсвийн тодотголоо хийж, нэг хоёрдугаар улирлын НӨАТ-ын урамшууллыг өгчихвөл дараа нь сугалаа хэрэггүй болох талаар ч хэлж байна. Иргэд нэгдүгээр улиралд 5.6 тэрбум төгрөг буцааж авахаар байгаа ажээ. Түүнийг өгчихвөл иргэд цаашдаа сугалаагүйгээр баримтаа бүртгүүлээд явах боломжтой гэж харж буй юм байна.
Эх сурвалжийн мэдээллэснээр, удалгүй НӨАТ цаасан хэлбэрээр бус зураасан кодтой үнэмлэхтэй болж, түүнийгээ уншуулаад, өөрийнхөө дансаар буцаан олголтоо авдаг хэлбэрт шилжихэд бэлэн болоод байгаа аж. Энэ механизмыг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газар сайн ажиллана байх гэж эдийн засагчид найдаж буй юм байна.
Өнгөрсөн жил батлагдсан НӨАТ-ын хууль дагуу НӨАТ-ын сугалааг 2016 оныг дуустал, сард нэг удаа явуулах юм.
Одоо яаралтай төсвийн тодотголоо хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Татварын ерөнхий хуулийг эхний ээлжинд чуулганаар батлах асуудал хүлээлт үүсгээд буй. Энэ хуулиудыг батлаагүйгээс жижиг аж ахуйн нэгж их татвар төлж байгаа. МАН-ын амалснаар нэг хувийн татвартай бол маш их хөнгөлөлт болох юм.