
Хүний гоо сайхан, гадна дүр төрх сайхан харагдахад шүд хамгийн их нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн хүүхдээ багаас нь шүдээ арчилж сургах талаар эмч нар зөвлөдөг хэдий ч эцэг эхчүүд зөв арчилж ургуулах тал дээр мэдлэг хомс байдаг гэнэ. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүд цухуйх үеэс шүдийг нь арчилж эхэлдэг бөгөөд энэ нь тун буруу юм байна.
Сүүлийн үед хүүхдийн шүд хорхойтох өвчин нилээд ихсэж, эцэг эхчүүдийн санааг зовоох болжээ. 3 нас хүрэхэд хүүхдийн дээрээ 10, доороо 10 сүүн шүд ургаж гүйцдэг. Сүүн шүд ёзооргүй унаж, ясан шүдээр солигддог учраас тэр бүр хайхрахгүй байх нь бий. Гэтэл сүүн шүд хүүхдийн эрүү, нүүрний зөв хөгжлийг хангах суурь болж өгдөг. Мөн сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь үрэвсвэл бусад эрүүл шүд рүү нян тархах боломжтой. Үүдэн шүд унаснаар хүүхэд зарим үг, үсгийг буруу дууддаг болж, хэл ярианы хөгжилд саад болохоос гадна талх, мах, жимс, ногоо зэрэг зарим хоол хүнсийг тасалж идэхэд хүндрэл учирч, заримыг нь идэж чадахгүйд хүрдэг. Иймд та хүүхдийнхээ шүдийг сүүн шүд юм чинь гэж хайхралгүй өнгөрөлгүй, угааж цэвэрлэж өгч байгаарай.
Хүүхдийн анхны шүд ургаагүй байсан ч, бүлээн усанд дүрсэн маарлиар буйлыг нь арчих ёстой гэнэ. Хэдийгээр шүд хараахан ургаагүй байгаа үед аман доторх нян, бактер шүдний өвчлөлд нөлөө үзүүлдэг эсэх нь тогтоогдоогүй ч, шүдний ургасны дараа тэдгээр бактериуд нөлөөлөх нь гарцаагүй хэмээн германы эмч нар зөвлөж буй талаар webmd.com сайтад бичжээ.
Шүд ургасан мөчөөс (ихэвчлэн 6 сараас ургаж эхэлдэг. Гэвч зарим хүүхдийн шүд ой 5,6 сартайгаас ч ургаж эхлэдэг тул шүд нь хожуу ургаж байна гэж та санаа зовох хэрэггүй.) амны хөндийг цэвэр байлгахад анхаарах л эх таны үүрэг.
Хүүхдийнхээ шүдийг угаахаас өмнө та өөрийнхөө гар, хурууг угаагаарай.
Тохирсон (жижиг толгойтой, гартэвтэйхэн, зөөлөн үстэй, насанд нь таарсан) сойзоор өглөө, оройдоо 2 удаа хүүхдийнхээ шүдийг угааж өг. Сойз байхгүй үед үүний оронд цэвэр маарлийг хуруундаа ороож цэвэрлэж өгч болно.
Хүүхдийн нас бага байх үед заавал оо хэрэглэх шаардлагагүй. Харин түүний оронд буцалсан бүлээн усанд сойзыг нь дүрээд угаагаарай.
Хүүхдэд хүүхдийн зориулалтын фтортой оог хэрэглэж болох бөгөөд энэ үед оог маш бага хэмжээтэй (3-аас доош насны хүүхдэд өдөрт 0.25мг фтор хэрэглэхийг зөвлөдөг) түрхэж, шүдний дотор, гадна тал мөн хэлийг зөөлөн сойздож угааж өгнө.
Оог маш нимгэхэн түрхсэн тохиолдолд заавал шүдийг усаар зайлах хэрэггүй.
Мөн хүүхдийг багаас нь давстай бүлээн усаар амыг нь зайлуулж сургах нь хоолой өвдөх, бусад амны хөндийн өвчлөлүүдээс сэргийлж чадна.
Сойзны үс нь сагсайж эхлэнгүүт сойзыг нь солиорой.
Хүүхэд 6 нас хүртлээ өөрөө шүдээ бүрэн угааж чадахгүй тул тэр хүртэл эцэг эхчүүд хүүхдийн шүдийг угааж өгөх хэрэгтэй. Харин түүнээс хойш хүүхдэдээ өөрөө шүдээ угааж сургаж хэвшүүлээрэй.