
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хятадын Тяньжин боомт, Улаанбаатар хот, Оросын Улаан-Үд хотын чиглэлд ачаа тээвэрлэх болжээ. Уг ажлыг Зам, тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төв, “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран зохион байгуулж буй. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодруулахад “Ажлын бэлтгэл хангагдсан.
Анхны тээврийг ирэх 13-нд явуулна. Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд очиж, тэндээсээ Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үдэд хүрэх юм. Энэ сарын 25 хүртэл туршилтын тээвэр хийх бөгөөд амжилттай болбол цаашид ачаа тогтмол тээвэрлэнэ” гэв.
Тяньжин боомт нь БНСУ, Япон улсын далайн боомттой холбогддог учир ийнхүү транзит тээврийн замтай болох нь манай улсад эдийн засгийн өгөөжтэй. Төмөр замаар тээвэрлэсэн ачаа дунджаар нэг сарын дараа манай улсад ирдэг бол авто замаар тээвэрлэхэд үүнээс дөрөв дахин бага хугацаа зарцуулах юм байна.