
Ховд аймгаас 50 тонн цемент ачиж явсан 72-42 ХОҮ дугаартай “Норд бенз” маркийн том оврын автомашины жолооч А Баян-Өлгий аймгийн Өлгий сумын III багийн нутагт байрлах “Тасбан” ШТС-ын хажуугийн хүнсний дэлгүүрийг мөргөж, ноцтой осол гаргажээ. Ослын улмаас жолооч 29 настай А, түүний эхнэр З, гурван настай хүү, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харьяат 46 настай Т, 19 настай Б, 42 настай Ц, таван настай А нарын долоон хүн амиа алдсан байна. Азаар зургаан настай нэг охин амьд үлдсэн ч хүнд гэмтсэн тул түүнийг аймгийн Эрүүл мэндийн төвд хүргэжээ.
Осол наймдугаар сарын 1-ний 15.30 цагийн үед гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газарт 15.42 цагт дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу онцгой, цагдаагийн 122 албан хаагч, 13 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус өдрийн 23.00 цагийн байдлаар нурангиас долоон хүний цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг мөрдөн байцаагч А.Асалбекээр ахлуулсан бүрэлдэхүүн шалгаж буй аж.
Энэ тухай Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Пүрэвсамдангаас тодруулахад,“ Цемент ачсан машин иргэн М-ын эзэмшлийн хүнсний дэлгүүрийг дайрсны улмаас осол гарсан тухай дуудлага нутгийн цагаар 14.40-д манайд ирсэн. Ослын газарт гурван минутын дараа очиход машин онхолдсон, цемент задарч асгарсан, хүмүүс нурангид дарагдсан байсан. Бид найман цаг тасралтгүй эрэн хайсны дүнд нэг охиныг аварч чадсан ч долоон хүн амьсгал хураасан. Одоогоор цэвэрлэгээний ажил дуусаж байна. Охин хүнд гэмтсэн учир өнөөдөр (өчигдөр) Улаанбаатар хот руу хүргүүлсэн байх. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох учраас энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Баян-Өлгий аймагт өнгөрсөн сарын 10-нд үер болж, нэг хүү амиа алдан, олон хүн орох оронгүй болсон. Тэдэнд туслах зорилгоор тус цементийг хүргүүлж байсан, эсэхэд тэрбээр тодорхой хариулт өгсөнгүй.