
БНСУ-ын Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Улаанбаатарт ажлын айлчлал хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр БНСУ-ын Пусан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр хотуудын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа бөгөөд далайд гарцгүй манай орны хувьд Солонгосын аж үйлдвэрлэл хөгжсөн хоёр дахь том хот, ложистикийн маш чухал төв гэгддэг Пусантай хамтрах нь олон талын ач тустайг хотын мээр онцлов.
Цаашид мэргэжилтэн солилцоог идэвхжүүлэх, хот төлөвлөлт, тохижуулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж, сургалтад хамруулах, туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа ч энэ үеэр дуулгасан юм. Тэгвэл Пусан хотын дарга Со Бёнсү “Бид өнөөдөр (өчигдөр) албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байгаа ч хотуудын хамтын ажиллагаа эртнээс эхэлсэн гэж болно.
БНСУ-ын Пусан хотод Монголын Консулын газар байгуулагдаж, энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа нь эхэлсэн. Мөн Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болсноор монголчууд Пусан хот, цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, боловсрол гээд бүхий л салбарт хамтран ажиллахад таатай орчин бүрдэж байна” гэлээ.
БНСУ-ын “Айр Пусан” компани зургадугаар сарын 24-нөөс долоо хоногт хоёр удаа Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснийг цаашид тогтмол болгоно гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.