
Монгол Улсад хямдралтай үнээр эрчим хүч нийлүүлэх боломжийг ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яам эрчим хүчний компаниудтайгаа хэлэлцсэн тухай сайд Сергей Донской нь “РИА Новости” агентлагт ярьжээ.
Монголын тал Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөндөө усан цахилгаан станц (УЦС) барихаар төлөвлөсөн нь экологийн бодитой эрсдэлтэй болохыг Оросын тал нэг бус удаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Монголын эрчим хүчний хомсдолыг нөхөхөд ОХУ туслахад бэлэн гэжээ.
“Энэ тухай Монголд айлчлахынхаа өмнө болсон зөвлөгөөнөөр хэлэлцсэн. Манайхан зөвшөөрсөн, Алс Дорнодоос Монголд эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой нарийн асуудлууд байдаг ч УЦС барихаас ашигтай учир эрчим хүч нийлүүлэхийг ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яам ямар ч байсан дэмжинэ” гэж Монголд хямд үнээр эрчим хүч нийлүүлэх боломжийг хэлэлцсэн, эсэх тухай асуултад хариулахдаа Донской хэлсэн байна. Шаардлагатай бол цахилгаан дамжуулах шугам нэмж тавих ажлыг манай яам дэмжинэ гэж тэрбээр тодотгожээ.
Монголтой хийсэн хэлэлцээний үеэр УЦС барих шаардлагын экологийн үндэслэлийг танилцуулах, Монгол Улс тийм станцын экологийн үнэлгээг хийхдээ Оросын мэргэжилтнүүдийг оролцуулахаар тохиролцсоныг сайд нэмж хэлсэн байна.