
Энэ сарын 5-нд Баянхонгор аймгийн төвд хүчтэй аадар бороо орсны улмаас хот тэр чигтээ үерт автжээ.
Тодруулбал, Баянхонгор сумын зүүн урд хэсэг буюу Хөх толгой, Есөн Эрдэнэ зах орчмоор, зарим хэсэгтээ 60 см хүртэл үерлэж, 10 орчим автомашин үерийн усанд хөвжээ. Мөн үеэр зарим айлын гэр, хашаа усанд урссан бөгөөд орон сууцны нэг давхар болон зоорийн давхарууд усанд автсан байна. Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй хэмээн тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ус соруулах машин техник байдаггүй учир тус аймгийн “Чандмань” компанийн бохир соруулах машиныг ашиглан үерийн усыг зайлуулах ажил хийгдэж байгаа ба иргэдэд учирсан хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй байна.