
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон түүний дүү сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гэгддэг “Рояал дифинси” хамгаалалтын албаны дарга Б ажилчин руугаа хоёр удаа буудсан хэрэг энэ сарын 4-ний 00.10 цагийн үед гарчээ.
Асашёорюү Д.Дагвадоржийн бие хамгаалагч Б согтуудаа ажилчидтайгаа уулзан, агсарсан байна. Ингэхдээ хамгаалагч Э гэх залуу руу дайрч давшлан хоёр удаа гал нээжээ. Хамгаалалтын албаны ажилчид Б-г болиулах гэж ноцолдсоны хүчээр сум Э-г биш, өрөөний хана оносон байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр Э-гийн толгойд гар буу тулган хороохыг завдсан ч азаар буу гацсан гэнэ.
Э-гийн чихний хэнгэрэг хагарсан байж болзошгүй бөгөөд үүнээс хойш тэрбээр хэд хоног гэртээ бүгсэн аж. Үүний эцэст өмгөөлөгч Г.Батбаярт хандсан байна. “Энэ бол ажлын байрны дарамт. Б согтохоороо ажилчдаа дарамталдаг юм шиг байна лээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа” гэж Г.Батбаяр өмгөөлөгч ярив. Харин хохирогч залуу энэ тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.