
Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Прокурорын байгууллагын хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлсэн юм.
Мөн энэ үеэрээ МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн шалгалтын явцын талаар мэдээлэв. Тодруулбал, АН-ын хүсэлтийн дагуу АТГ МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Ингээд шүүхийн шинжээчид бичлэгийг хянан, дээр дурдагдсан албан тушаалтнуудын яриа биш, эвлүүлэг болохыг тогтоосон аж. Иймээс шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй учир МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.