
“Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Эрдэнэт” үйлдвэр ХКК-ийн 49 хувийг Эрдэнэтийн иргэд, Монголын ард түмэнд хувьцаа хэлбэрээр тэгш эрхтэйгээр эзэмшүүлэх ёстой хэмээлээ.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан, үндэсний үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд худалдах, улмаар иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, үүнээс 10 хувийг Эрдэнэтийн нийт иргэдэд эзэмшүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.
Мөн тус хөдөлгөөний зохицуулагч, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Алтаншагай хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асар ноцтой баримтууд гарч ирсэн. Жишээлбэл оффшор данстай холбоотой баримтууд гарч ирсэн. Үүнийг бид холбогдох байгууллагуудад нь шалгуулж үнэн зөвийг олуулах болно” гэв.
Тус хөдөлгөөний зохицуулагч н.Батбаатарын хэлснээр “Эрдэнэт үйлдвэр бол Монголын эдийн засгийн хамгийн томоохон хөшүүргийн нэг. Эрдэнэт хотод яг одоогоор 110 мянган иргэн амьдарч байна. Магадгүй нэг жилд олборлож буй молебдений нөөц хэмжээ, түүнийг боловсруулж байгаа зэсийн баяжмалын олборлолтын хэмжээнээс хамаарч 2035-2040 он гэхэд Эрдэнэт үйлдвэр хаалгаа барих хэмжээний нөөц боломж харагдаж байгаа. Хэрэв Эрдэнэт үйлдвэр үүд хаалгаа барьж, хаалтын гэрээ хийвэл тэнд амьдарч байгаа 110 мянган иргэн хэрхэн яаж амьдрах вэ. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард иргэддээ үлдэх ёстой гэж үзэж байгаа юм” гэлээ.