
Улаанбаатарын иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хуруу дарам цөөхөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Зайсан толгойгоос өөр салхилах газаргүй бид сэтгэлгүй наймаачдын балгаар “Болзоотын бор толгой” (Зайсан толгойг залуус ингэж нэрлэдэг) руугаа ч гарч чадахаа байлаа.
Явган хүний замыг хаагаад, тоглоомын цэг байгуулчихсан байх юм. Шатаар дээш өгсөж яваа хүмүүс тэр хавьд хэсэг зогсож амардаг. Гэтэл тэр хэсгийг хар зах шиг л болгочихож. Тэрийг нь тойрох гээд хүмүүс зүлгэн дээр гишгэсээр өнөөх нь халцран, улаан шороо болжээ. “Найрсаг Улаанбаатар” ийм байж болох уу.
Худалдаа, наймаа эрхлэх нь тухайн хүний эрх ч гэлээ иргэдийн амарч зугаалдаг, нийтийн эзэмшлийн зам, талбайг ингэж дээрэмдэж болдог юм уу. Албаны хүмүүс үүнийг анхааралдаа авч, зохих арга хэмжээ авна гэж найдъя.