
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг шөнийн 04.00 цаг хүртэл ажиллуулахаар сунгасан. Ингэхдээ орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад энэ шийдвэр үйлчлэхгүй, 00.00 цагт хааж байхаар журамласан юм. Тухайн үед хотын удирдлагууд “Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгаснаар ахуйн хүрээний архидалт, шагийн архины наймаа, эдгээрээс үүдсэн гэмт хэрэг багасна” гэж байсан.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Батболд шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрбээр твиттер хуудсандаа “Одоо мөрдөж буй А/609 захирамжаар шөнийн цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллаж байгааг хүчингүй болгоно” хэмээн бичсэн байв.
Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл боловсруулж, цэнгээний газруудыг өвөл, зуны цагийн хуваариар ажилладаг болгох аж. Төсөл боловсруулсны дараа хотын дарга цэнгээний газруудыг хэдэн цагт хаадаг болгохоор шийдэх ажээ.