
Хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд загасчлахаар явсан завь осолдож, таван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны мэргэжилтэн Г.Золбоо “Наймдугаар сарын 30-ны 14.00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд усан замын тээврийн осол гарч таван хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Тухайн үед завины эзэн өөрийн ойр дотнын хүнд завь жолоодох эрхийг шилжүүлсэн юм билээ. Моторт завийг тээврийн шугамаар бус загас агнуур хийх зорилгоор тор тавьж байснаас гадна аврах хантаазгүй явсан юм билээ. Аврах хантаазтай байсан бол амьд үлдэх боломжтой байсан. Наймдугаар сарын 30-ны 17.00 цагийн үед ослын байршлыг тогтоож, Хөвсгөл аймгийн онцгой байдлын албатай хамтран иргэдийн цогцсыг гаргаж ажлыг эхлүүлсэн. Нэг иргэн буюу 15 настай хүүхдийн цогцос болон осол гаргасан усан замын тээврийн хэрэгслийг наймдугаар сарын сарын 31-ний 12.00 цагийн үед гаргалаа. Уг усан замын тээврийн хэрэгсэл нь 2014 онд гаргасан Усан замын тээврийн хэрэгсэлд дугаар олгох бүртгэлийн журмын дагуу бүртгүүлээгүй хуучны тээврийн хэрэгсэл байсан” хэмээн тайлбар хийсэн юм. Мөн усан замын тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгөхөөр Далайн захиргааны дарга Х.Энхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Осол эргээс ердөө 500 метрийн зайд гарсан боловч, завинд явсан таван иргэн аврах хантааз зүүгээгүй байсан учир харамсалтайгаар амь насаа алдлаа. Осолд орсон бага насны хүүхдийг аварч эрэгт гаргах үед уушги нь усаар дүүрсэн байсан тул амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад буй. Өөрөөр хэлбэр аврах хантааз зүүсэн байсан бол осолд орсон хүмүүсийг аврах боломжтой байжээ гэсэн үг. Далайн захиргаанаас жил бүр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийг бүртгэж, завьчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулдаг. Мөн зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл завьт эргүүлийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албатай хамтран хийдэг. Усан замын тээврийн тухай хуульд хариуцлагын тухай тодорхой заалт байхгүй хэдий ч хариуцлага алдаж, завь жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн завины эзэнд зохих хариуцлага тооцно” гэв.