
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд осолджээ. Энэ тухай дуудлага наймдугаар сарын 30-ны 13.50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж зургаан настай хүү О, найман настай хүү Б, 11 настай хүү О болон 26 настай эрэгтэй Н нарын цогцсыг нуурнаас гаргажээ. Харин 15 настай хүү Б-г эрэн хайх ажиллагаа явагдаж байсан ч ажиллагааг зогсоосон байна. Эдгээр иргэд завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар осол Хатгал тосгоноос 22 км, нуураас 500 метрийн зайд болсон байсан ба талийгаачид бүгд аврах хантаазгүй явсан байжээ. Түүнчлэн тухайн завь ОХУ-д 1984 онд үйлдвэрлэгдсэн байсан ба завьны моторыг монголчилж сольсон байдалтай олдсон гэнэ.