
МИАТ төрийн өмчит хувьцаат компани БОИНГ онгоцоо Бангладеш улсад түрээслэхээр болсон тухай мэдээлэл баттай эх сурвалжуудаас бидэнд өглөө. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны албаны хүнээс лавлахад “Тус улстай нойтон түрээсийн гэрээ байгуулахаар болсон. Гэрээ хараахан хийгдээгүй байгаа. Тийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. МИАТ-ынхан уг мэдээллийг үгүйсгээгүй ч, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Эх сурвалжийн өгүүлснээр Бангладеш руу нэг сарын хугацаатай онгоцоо түрээслэхээр болж байгаа бөгөөд экипажийнхан, үйлчлэгч нараа бэлтгэчихээд байгаа аж. Өмнө нь тус улс 2013 оны есдүгээр сард нэг сарын хугацаатай нойтон түрээсээр онгоц авч байсан билээ. Учир нь, есдүгээр сард тус улсад ямар нэгэн томоохон арга хэмжээ болж, зорчигчид нэмэгддэг учраас ийнхүү агаарын хөлөг нэмж авдаг талаар ИНЕГ-ын эх сурвалж хэлсэн юм.