
Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж байсан байлдагч өөрийгөө буудсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Тэрбээр сургалтын сумтай байсан АКМ буугаар манаанд гарч байх үедээ өөрийнхөө эрүүн доороос буудсан аж.
21 настай, байлдагч Д Орхон аймгаас цэргийн албанд татагдаж, уг ангид хуваарилагдсан нэгэн гэнэ. Түүнийг амиа хорлохын тулд ийм үйлдэл хийсэн, гэрээслэл хүртэл бичсэн гэж ангийн захирагч нар нь ярьж байгаа бөгөөд шуудангаас уг захидлыг нь хайж байгаа талаар эх сурвалж хэлсэн. Түүнчлэн манаанд гарч буй цэргүүд ээлжээ хүлээлцэхдээ сургалтын сумаа тоолоогүй тул хэнийх нь сум дутсаныг мэдээгүй байсан гэнэ.
Харин Д өөрөө “Сум санаандгүй алдаж, өөрийгөө гэмтээсэн” гэжээ. Тэрбээр одоо Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд ярихад бэрхшээлтэй байгааг нь эс тооцвол биеийн байдал нь харьцангуй сайжирсан гэнэ.