
Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэтгэлийн хүрээнд Тахарын алба байгуулж, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хийж байсан зарим ажлыг Тахарыг ерөнхий газрын харьяа нэгжүүдэд даалгаж байсан билээ.
2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ Тахарын албаны хуулийг хүчингүй болгож, зарим чиг үүргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүний хүрээнд Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийнхэн шүүхээс эрэн сурвалжлахаар даалгасан хүмүүсийг олж хүргүүлэхээр болсон байна.
Цагдаагийн байгууллага өмнө нь уг ажлыг хийж байсан бөгөөд ихэнхдээ хэсгийн байцаагч нар эрэн сурвалжлахаар шүүхээс ирүүлсэн тоотын дагуу арга хэмжээ авдаггүй хэмээх хэл аманд өртдөг байсан билээ. Өдгөө ч нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу цагдаагийн газар, хэлтсийнхэн иргэний хариуцагч, шүүгдэгчдийг хайж олохоор болж байна.