
Цэргийн албан хаагчдад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу нөхөн олговрыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог. Үүнийг 24 сар болгон хасах саналыг Засгийн газар төсвийн тодотголд оруулсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар батлан хамгаалах салбарт 400 гаруй офицер, ахлагч, хилийн цэргээс 300 орчим, онцгой байдлын албаны 200 гаруй алба хаагч бушуухан тэтгэвэрт гарахаар яаран өргөдлөө өгсөн байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд байсан “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн заалтыг “Энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад 10-аас доошгүй жил алба хаасан цэргийн алба хаагч тэтгэвэрт гарахад 36, бусад алба хаагч 24 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж өөрчилсөн. Энэ нь цэргийн албан хаагчдыг олноороо албанаасаа татгалзахад хүргээд байгаа юм.
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргийн албан хаагчдын ард гэр бүл, үр хүүхэд нь байдаг учраас улсаас ганц удаа олгодог 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговроо авахыг хэн хүнгүй хүсэх нь мэдээж. Тиймээс ажилласан жил нь л хүрсэн бол тэтгэвэрт гарах өргөдлөө өгөх нь тухайн хүний эрх. Үүнийг буруутгах аргагүй ч олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнээ алдахад хүрч буйгаа тухайн байгууллагын удирдлагууд нуугаагүй. Тэтгэвэрт гарахаар хошуурах тэдний шалтгаан нь ердөө л 12 сарын цалингаа дутуу авахгүй гэсэн хүсэл.
Гамшиг ослын дуудлагаар явахдаа амьд ирэх, эсэхээ мэдэхгүй алба хаагчдыг зоригжуулж, ажилдаа улам дурлуулдаг хөшүүрэг нь тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын нөхөн олговор гэхэд хилсдэхгүй. Тийм гэдгийг ч тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн албан хаагчдын төлөөллүүд хэлсэн. “Би онцгой байдлын салбарт гал сөнөөгчөөс нь эхлэн ажиллаад 25 жил болсон. Гал, ус, гамшиг осол гээд хүнд нөхцөлд ажиллаж ажиллаж, албаа дуусгахын цагт цэргийн алба хаасны нэмэгдэл олгохгүй, 36 сарын нөхөн олговрыг 24 сар болгон багасгаж буйг сонсоод тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн.
Үнэндээ банкны зээлтэй учраас нэг сарын тэтгэмж ч гэсэн хайран байна. Аврагч, гал сөнөөгч нар үргэлж хүйтэн, нойтон нөхцөлд ажилладаг болохоор бөөр өвдөж, утаа тоос, химийн хорт бодисын нөлөөгөөр хараа муутай болдог. Бид ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас ганц удаа тэтгэмжээ бүтэн авах хэрэгтэй гэж бодож байна. Одоогоор миний оронд ажиллах мэргэжилтэн байхгүй ч өөрийн болон үр хүүхдийнхээ эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргахаас өөр арга алга” гэж НОБГ-ын Бодлого төлөвлөлт хангамж хариуцсан мэргэжилтэн, хошууч Г.Баатархүү ярив.
Харин УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Цэргийн албан хаагчид эх орондоо тангараг өргөдөг, “Асаж буй гал руу ор” гэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гэдэг, дэлхийн хамгийн халуун цэг рүү явдаг, бизнес хийх, оршин суух эрхээ хасуулдаг. Үүнийг дагаад цэргийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд орхигддог. Монголын төр цэргийн албан хаагчдынхаа нийгмийн байдлыг хангасан өнөөгийн төвшингөөсөө ухрах нь цэргийн албыг тогтворгүй болгож, улс орны батлан хамгаалах эрх ашигт ноцтой хохирол учруулна гэж үзэж байна.
36 сарын тэтгэмжийг багасгахаар ярьж байгаа нь тогтвор суурьшилтай ажиллаж байсан офицер, ахлагч нарыг албанаасаа татгалзахад хүргэж байна. Үүнээс хэмнэх мөнгө ердөө л нэг тэрбум гаруй төгрөг шүү дээ” гэжээ.
Төрийн аль ч байгууллагад суудлаасаа ховхорч өгдөггүй эмээ, өвөө нар цөөнгүй. Тэтгэвэрт гарах нас нь хэдийнэ өнгөрсөн ч залуу үедээ байраа тавиад өгчихгүй “шавар хаагаад” сууж байдаг хөгшчүүл бишгүй л таардаг. Гэлээ гэхдээ залуус бид ахмад үеэсээ суралцан, тэдний алт шиг үнэтэй зөвлөгөөгөөр зүг чигээ олж, туршлагаас нь судалж ажил, амьдралын гараагаа эхэлдэг жамтай. Тиймээс 40 дөнгөж гарсан туршлагатай албан хаагчид маань 12-хон сарын цалингийнхаа араас марш алхчихвал ард нь хэн үлдэх билээ.