
Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам болж байгаа билээ. Тус наадамд Бээжингийн олимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй Монголын найман тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн төрөлд Болормаагийн Ууганхүү Азербайжаны бөхийг 4-хөн мекундын дотор цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросед ялагдаж, дагах барилдаан хийсэн бөгөөд дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Үүний дараа хүрэлийн төлөөх барилдаанд Азербайжаны бөх Рамин Ибрахимовыг цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болсон юм.
Б.Ууганхүүгийн хувьд жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн олимпийн эрхээ авсан бөгөөд “Инчён-2014” Азийн паралимпийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлж байсан. Тэрбээр жцү-жицүгийн “Гаруда” клубын тамирчин юм.