
“Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч
Балдоржийн НАНДИНТҮШИГ
“Монгол ньюс” групп болоод түүний “гэр бүл”-д багтдаг “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевизийн 20 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе. Энэ хоёр арваны түүх бол Монголд чөлөөт сэтгүүл зүй үүсэж, бойжсон он цаг, бас Монголын сэтгүүлчдийн туулсан зам, хүрсэн амжилт юм. Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин өнгөрсөн хугацаанд бахархам амжилтаар арвин байлаа. Өнгөтөөр хэвлэгдсэн, төрөлжсөн сэдэв буюу секцийн бүтэцтэй, вэб сайт, цахим хувилбартай болсон, ногоон сонин зэрэг Монголд хамгийн анхдагчийн тодотгол нь салбартаа манлайлж ирсний илэрхийлэл гэж дүгнэж болно.
Хараат бус, чөлөөт хэвлэлийн үндсийг аав минь 20 жилийн өмнө тавьж, хамт олон нь өдгөө энэ ажлыг үргэлжлүүлж явна. Өнөөгийн олонх сэтгүүлч “Үнэн” сониноос гаралтай “Ардын эрх”, “Ардын эрх”-ээс эхтэй “Өнөөдөр” сониноос угшилтай. “Өнөөдөр” сонин бурууг хэнээс ч эмээлгүй хэлдэг, сайныг үг хайрлалгүй магтдаг зарчимтай. Аль нэг намын дуу хоолой болж байсангүй, зөвхөн үнэний дуу хоолой байх ганцхан зорилго л бидэнд бий.
Сэтгүүл зүйн хөдөлгүүр гэгддэг аав маань сэтгүүлчид нэг гэр бүл шиг байж л атгасан гар шиг ажиллана гэж ярьдаг байсан юм. Бал эрхлэгчтэйгээ холбоотой бүхнийг хүндэтгэн дурсаж, ажилдаа чин сэтгэлээсээ хандсаар ирсэн хамт олондоо талархал илэрхийлье. Нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж яваа сэтгүүлчдийнхээ гэр бүлд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн үе үеийн сэтгүүлчдэдээ “Монгол ньюс” групп болон “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн мэнд хүргэе.