
Сүхбаатар аймгийн ИТХ хоёр дарга, орон нутгийн сонгуулийн хоёр хороотой болоод байна. Учир нь өнгөрсөн зургадугаар сард болсон аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 17, АН 16 суудал авчээ. ИТХ-ын анхдугаар хуралдаанд АН-ын төлөөлөгчид оролцоогүй тул МАН-ынхан дангаараа хуралдан, ИТХ-ын дарга болоод тэргүүлэгчдийг томилсон байна. Энэ зуур АН-ынхан шүүхэд хандсан аж.
Тус аймгийн Захиргааны хэргийн шүүх аймгийн ИТХ-ын сонгуулийн III тойргоос сонгогдсон, МАН-ын нэг төлөөлөгчийг хууль зөрчсөн гэж үзэн, ИТХ-ын анхдугаар хуралдааныг хүчингүйд тооцжээ. Үүнээс улбаалаад АН-ынхан өмнөх ИТХ-ын эрх хүчин төгөлдөр байгаа хэмээн үзэж, АН-аас сонгогдсон хуучин дарга П.Мөнхжаргал нь тамга тэмдгээ өгөлгүй, ИТХ-ын даргын албан өрөөг ч суллалгүй, тэндээ суусаар байгаа аж.
Гэтэл МАН-ын төлөөлөгчдөөс томилогдсон, ИТХ-ын дарга Б.Гансүх нь шинэ тамга тэмдэг хийлгэн авчээ. Тус намын төлөөлөгчид ИТХ-ын анхдугаар хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Үүнийгээ хуулийн хугацаанд 17 төлөөлөгчтэйгээр буюу 51.5 хувийн ирцтэйгээр хурлаа хийсэн, нэг төлөөлөгчийг эргүүлэн татах тухай шүүхийн шийдвэр нь ИТХ-ын анхны хурлын дараа гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Ингээд Сүхбаатар аймгийн ИТХ өнөөдөр хоёр даргатай, тэд тус тусдаа Сонгуулийн хороо байгуулчихаад сууж байна. Үүний улмаас сумдын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид аль хороонд нь бүртгүүлэхээ мэдэхгүй төөрч явна.
Энэ нь сумдын ИТХ-д хүртэл нөлөөлөн, дотроо намаараа талцахад хүрээд буй аж. П.Мөнхжаргал нь Б.Гансүхийн байгуулсан, Ж.Түвшинжаргал даргатай Сонгуулийн хороог хууль бус хэмээн тамгыг нь өөрийн байгуулсан, Б.Буянтогтох даргатай Сонгуулын хороонд олгуулахаар шүүхэд хандсан ч тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх П.Мөнхжаргалыг Сүхбаатар аймгийн ИТХ-ыг төлөөлөх эрхгүй гэж үзээд, нэхэмжлэлийг нь хүлээж авахаас татгалзжээ.
Шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхийг П.Мөнхжаргалаас МАН-ын төлөөлөгчид шаардсан ч “Давж заалдана” гэсэн хариу өгсөн аж.