
Техник технологийн дээд сургууль Япон улсын Чибагийн их сургуультай хамтран агаарын хийн бөмбөлгийг газрын давхрагаас дээш 50.000 метрийн өндөрт хөөргөж, агаар мандлыг тандан судлах, алсын зайн холбооны туршилтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Техник технологийн дээд сургууль нь Японы Чибагийн технологийн дээд сургууль болон Паспермиа астроэкономикс судлалын хүрээлэнтэй хамтран 2 дахь удаагаа Монгол Улсад стратосфер агаар мандалд чөлөөт хийн бөмбөлөг хөөргөж, сансрын тоосонцор судлах туршилтыг есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай хэрэгжүүлжээ.
Чибагийн технологийн их сургуулийн Одон гариг судлалын төвийн ерөнхийлөгч Мацүй Такафүми хэлэхдээ "Уг туршилтыг Тэрэлжээс 12.06 минутад хөөргөн, 23 км өндөр, 2 цагийн чөлөөт нислэгийн дүнд Баяндэлгэр сумаас урагш 7 км-ийн зайд буулгасан. Судалгаанд алсын холбооны туршилт, агаар мандлын температурын хэмжилт зэрэг чухал ач холбогдол бүхий технологи нэвтрүүлэх ажлууд хамрагддаг. Тус судалгаанд ШУТИС, ЦУОШГ, НЕСТРА/Орбитал инженеринг, Аэроботек зэрэг олон байгууллага оролцсон болно.
Түүнчлэн анхны туршилтыг зургадугаар сарын 10-ны өдөр Арвайхээр хот орчмоос 40 км өндөрт нисгэж Баянгол сумын төвөөс зүүн урагш 6 км газарт буулгасан юм" гэлээ.