
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Нямжавын Батбаярт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тус газрын албаны эх сурвалжууд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч нийслэлийн Прокурорын газрын нэг бус прокурор “Фортуна” гэж олноо нэрлэгдэх болсон Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэхдээ цагдан хориогүй. Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 15-нд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг баталсан юм.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаснаас улбаалан Н.Батбаярыг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж буруутгаж буй гэнэ. Н.Мөнхбатаас эхлэн хөвөрсөн учиг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам, бусад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага гээд үргэлжилсээр буйн тод жишээ нь энэ.
Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-т ийн шалгаж эхлэв.
“Гудамж” тэргүүтэй олон төслийг дээрх бондуудын хөрөнгөөс санхүүжүүлсэн гэх боловч үнэн хэрэгтээ зээл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэлгүй буцааж байсан, тэгсэн атлаа шаардлага хангаагүй, хөрөнгө оруулах албагүй олон төслийг гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэхэд Н.Батбаяр шууд бус ч гэлээ оролцсон гэж мөрдөгчид үзсэн учраас ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн сурагтай.
2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.