
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан нийлж Зэвсэгт хүчний 150 ангийн ахлагчийн аминд хүрсэн хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүх шийдвэрлэлээ. Тус хэлтэст ажиллаж байсан Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, Ч.Батзориг нар өнгөрсөн орны аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө цэнгээний газарт архи ууж байгаад гарахдаа талийгаач У болон түүний найз Б нартай маргалдсан.
Улмаар шүүгдэгч нарын нэг нь хохирогчийг нэг удаа өшиглөсөн нь үхэлд хүргэх шалтгаан болсныг шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзжээ. Талийгаачийн найз нь У-г үүрч, Баянзүрх дүүргийн V хороонд байрладаг нэг зочид буудалд оруулсан бөгөөд маргааш нь амиа алдсан байсан юм.
Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нар шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг танхайрч хүний аминд хүрсэн гэсэн үндэслэлээр 20 жил хорих ял оноов. Түүнтэй хамт байсан Д.Төмөрпүрэв, Ч.Батзориг нарыг догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэм буруутайд тооцон, гурван жил нэг сар хорих ял шийтгэлээ.