
“Оюутолгой” компанийн Монголын талын гишүүн болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлөх шийдвэрийг “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-өөс гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэдний оронд “Оюутолгой”-д Монголыг төлөөлүүлэхээр Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг ТУЗ-ийн гишүүнээр томилжээ.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2009-2013 онд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байв. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар нь энэ сарын 12-ноос “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Тэрбээр 1996 онд Техникийн их сургуулийг хими технологич, 2001 онд МУИС-ийг улс төр судлаач, 2003 онд эрх зүйчээр суралцаж төгсөн, 2006 онд Английн Зүүн Лондоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.
Ч.Алтаннар нь Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр МУИС-ийн Математикийн сургуулийг 2002 онд төгсөн, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикаар 2005 онд магистр, 2007 онд докторын зэрэг хамгаалсан аж.
Ч.Алтаннар нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн гэнэ. “Оюутолгой” компанийн Монголын талын хувийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” эзэмшдэг билээ.