
Нийслэлийн Засаг дарга С.Батболд ЦЕГ-ын дарга Р.Чингистэй зөвшилцөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газрын дэд дарга байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо. Одоо мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хууль дахь Нийслэлийн Засаг дарга Цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн томилох тухай заалтын дагуу энэ томилгоог хийсэн байна.
Хурандаа Ж.Эрдэнэболд удам дамжсан цагдаагийн алба хаагч. Тэрбээр ЭЦГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны гурван хүүгийн дундах нь.
Цагдаагийн анхан шатны нэгжээс эхлээд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга болж буй юм.