
Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг тойрсон дуулиан өнгөрсөн долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр өрнөсөн ч өдгөө таг чиг болов. Тус газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Санхүү, хангалт, үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлсэн тухай мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байсан.
Т.Бадралаар нөгөө хоёр хүнийг нь дуудуулж, тус тусынх нь өрөөг нэгжсэн, бригадын генералыг баривчлах гэсэн ч улстөрч, дотнын найзууд нь хамгаалснаар цагдан хориогүй гэх мэдээлэл тухайн үед байв. Харин Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нар сэжигтнээр нэг сар цагдан хоригдоод батлан даалтад гарсан юм.
ШАДАР САЙДЫГ САНХҮҮЖҮҮЛСНЭЭС ХЭРГИЙН УЧИГ ЭХЭЛЖЭЭ
ОБЕГ-ын дарга нарын төрийн өмчөөс завшсан асуудал яагаад хууль хяналтын байгууллагынханд хүрчихэв гэж хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүс ихэд гайхсан сурагтай. Улмаар халагдаж, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс матлаа гэж хардсан гэнэ.
Өөг өрөөлөөс бус, өөрсдийнхөө хийсэн үйлдлээс эрэх байж. Хууль, хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Н.Энхбаяртай холбоотой хэргийг шалгаж байх үед Шадар сайд асан Ц.Оюунбаатарын тухай мэдээллийг бас цуглуулж байсан юм. Тэр үед ОБЕГ-аас Ц.Оюунбаатарын удирддаг Тэмээн пологийн холбоо хэмээх төрийн бус байгууллагын данс руу их хэмжээний мөнгө шилжсэн нь илэрсэн.
Сонгуулийн үеэр энэ тухай мэдээлэл зарим цахим хуудаст гарч байсан даа. Түүнээс нь улбаалаад ОБЕГ-ын удирдлагуудын хийсэн сэжигтэй гүйлгээ, тушаалуудыг шалгаж эхэлсэн. Хууль зөрчсөн цөөнгүй тушаал гаргасан нь тогтоогдсон учраас л эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь хэрэг улсын нууцад хамаарсан” гэв.
Түүнчлэн МАХН-аас нэр дэвшсэн Шадар сайд асан Ц.Оюунбаатарын нэр, зурагтай бал, зурагт хуудасны зардлыг ОБЕГ-аас санхүүжүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн сонгуулийн үеэр хэвлэлээр гарч байв. Тэгсэн хэрнээ АН-аас нэр дэвшсэн хүмүүст саналаа өгүүлэхийг ятгасан тухай тэр үед яригдаж, зарим цахим хуудаст бичигдэж байсан нь Ц.Оюунбаатараас улбаатайгаар ОБЕГ-ын удирдлагыг шалгаж эхэлсэн гэх хардлагыг баталж буй юм.
Учир мэдэх хүмүүс, онцгой байдлын байгууллагын зарим алба хаагч “Шалгаж байгаа хэрэгт нь нууцлаад сүйд болоод байх зүйл огтхон ч үгүй. Жирийн л нэг санхүүгийн, хөрөнгө завшсан үйлдэлд дээрх гурван хүн холбогдчихоод байгаа шүү дээ. ОХУ-аас авсан туулах чадвар сайтай хүн тээврийн зориулалтай ГаЗ-ын үйлдвэрийн гурван ширхэг “Вепрь” автомашинтай л холбоотойгоор нууцад хамруулсан юм билээ” гэж байгаа юм. Улсын нөөцийн хөрөнгөтэй холбоотой бас бус зүйл байгаа ч тэр нь сүйдтэй зүйл биш гэнэ.
АТГ-ынхан дээрх хүмүүстэй холбоотой хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа бөгөөд шүүх Р.Дадамыг батлан даалтад гаргамагц дагуулан Өмнөговь аймаг руу явж нэлээд зүйл шалгаж баримтжуулаад иржээ. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр АТГ-аас ОБЕГ-ынхны хөдөө ажлын аранзных нь санхүүжилттэй холбоотой, ямар үүргэвч хийлгэж тараасан талаар тайлбар авсан тухай мэдээлэл бидэнд өгсөн юм.
Дээрх хүмүүсийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
ОБЕГ-ын харьяа анги салбарын албан хэрэгцээнд зориулан өнгөрсөн онд авсан “Газель” маркийн автомашин нийлүүлэх тендерийг будлиантуулж, танил талынхаа компаниас зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан гэж буруутгаж буй.
Гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-д үйлдвэрлэсэн “Газель” маркийн 30 гаруй автомашин, машин тус бүрт аврах ажлын багаж, хийлдэг дэр, гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хэрэглэл, хүн нэг бүрийн галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч /РЛО/ зэрэг багаж хэрэгсэл дагалдуулан өгч байв.
Тухайн үед “Газель” маркийн автомашиныг нийт 2.3 тэрбум төгрөгөөр авсан хэмээн ОБЕГ-ынхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан юм. Анги байгууллагад данслагдсан нэг бүрийн үнэ нь 69.800.000 (жаран есөн сая 800 мянган) төгрөг аж. Уг автомашинуудыг “Орем трейд” ХХК-ийнхан ОХУ-аас нийлүүлсэн нь батлагдсан. “Газель” маркийн автомашин нь ердөө л хоосон амбаар ирсэн.
Уг нь тендерийн шалгуур нь аврах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжтэй байхыг шаардсан аж. Өмнөх жил нь яг тэгж тоноглосон, гэхдээ туулах чадвар нь одоо авснаасаа илүү “Газель” маркийн машиныг 69 сая төгрөгөөр цөөн тоогоор авсан. Тэр үнээр хоосон амбаартай машиныг Т.Бадрал даргын найзынх нь компани зах зээлийн үнээс хэт өндрөөр шахсан байгаа юм. Уг нь хоосон “Газель” нь 22-23 сая төгрөгөөр л орж ирдэг юм билээ.
МАШИНААС ӨӨР ЗҮЙЛҮҮДИЙГ Ч ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
ОБЕГ-ын удирдлагуудыг шалгаж эхлэхэд АТГ-ынхан хэдхэн машины хөрөнгө завшсан “жараахай” шалгалаа хэмээн хууль сахиулах байгууллагынхан руу давшилж байсан. “Их ч идсэн өмхий, бага ч идсэн өмхий” гэдэг үг байдаг даа. Ард түмний, татвар төлөгчдийн улсдаа төлсөн мөнгийг зориулалт бусаар зарцуулах ёсгүй учраас бид энэ хэрэг сураг алдрах вий хэмээн болгоомжилж, эргэн сурвалжилсаар байх болно.
ОБЕГ бол улсын нөөц хэмээх асар их хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг газар. Нууцын зэрэглэлтэй энэ нөөцийн хөрөнгөөс удирдлагууд нь идэж завших тохиолдол нэг бус удаа гарч, дээлээ нөмөрсөн. Тиймээс энэ газрын дарга болж, их хөрөнгөнд эзэн сууж завших сонирхол олон хүнд байдаг бололтой.
Дээрх хүмүүс зөвхөн тоноглолгүй “Газель” өндөр үнээр авсан хэрэгт холбогдоогүйг олон эх сурвалж хэлэв. Тухайлбал, БНСУ-аас зургаан тэрбум төгрөгөөр гал унтраах машин авсан бөгөөд энэ нь тэднийг шалгаж буй нэг үндэслэл болсон гэнэ. Уг машинуудыг авах тендер зарлахаас өмнө БНСУ-д зарим хүн очиж гал унтраах тээврийн хэрэгслүүдээ хийлгэсэн гэдэг.
Ингэхдээ тус улсын томоохон үйлдвэрлэгчээс автомашиныг нь аваад жижиг дунд нэгэн үйлдвэрт гал сөнөөх зориулалтай эд ангийг нь хямд тавиулж, мөнгө завшсан байх магадлал өндөр байгаа гэнэ. Шадар сайдын ажлын албаны хүмүүс тухайн автомашинуудыг авсны дараа БНСУ-д ажлаар явж байхдаа нийлүүлэгчтэй нь уулзахад “Манайхаас машинаа авсан нь сайн хэрэг.
Гэхдээ мэргэжлийн бус хүмүүсээр гал унтраах зориулалттай хэсгийг угсруулсан нь танай нөхцөлд таарч байна уу” хэмээн гайхашрангуй асууснаар уг асуудал дэгдсэн гэдэг.
“Нано планет” гэх компаниас бараагаа аваагүй байхдаа Сангийн яам руу материал хүргүүлээд, дараа нь буюу өнгөрсөн оны долдугаар сарын үед бараагаа авсан нь Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн үйлдэл болсон гэнэ.
“Мон Ориент” гэх компаниас алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан 430 сая төгрөгөөр гутал авсан нь эдэлгээ даадаггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа талаар жирийн алба хаагчид нь ихэд гомдоллодог. Арьсан гутлын үнээр хиймэл арьстай, чанаргүй гутал нийлүүлсэн байна гэдгийг гутлын зөвлөх инженер хүн ОБЕГ-ынханд халаглан хэлсэн гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.
Алба хаагчид 10 жил хэрэглээд ч дуусахгүй их суран бүс авсан тухай мэдээллийг ч бас АТГ шалгаж буй. Мөн Богд уулын Жаргалантын аманд байгаа ИНЕГ-аас ОБЕГ-т шилжүүлэн өгсөн амралтын газрын дэргэд сэндвичээр барьж буй барилгад зориулан их хэмжээний санхүүжилт авсан хэрнээ алба хаагчдаараа бариулж буйг нь ч нягталж байна. Энэ мэтээр шалгах санхүүгийн олон баримт АТГ-ынханд байгаа гэнэ.