
Налгар намрын өдрүүд шувтарч хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл хэдийнээ эхэлжээ. Эдгээр айл өрхийн өвлийн түлшний хэрэгцээг хангах хамгийн ойрын эх үүсвэр буюу олборлолтын уурхай нь Налайх, Багануур. Жил ирэх тусам үнэ нь өсдөг хар алтны ханш энэ жил ч өсөх нь дамжиггүй.
Уламжлалаар бол жил бүрийн намрын цагт түлээ, нүүрсний үнэ хамгийн хямдханд тооцдог бөгөөд хүйтрэх тусам үнэ нь чангарах төлөв ажиглагддаг. Энэ жилийн хувьд нүүрс, түлээний үнэ хүмүүсийн хэлж буйгаар “хямд” байгаа гэнэ. Тиймээс нүүрс, түлээний үнийг сурвалжлахаар бидний нэрлэж сурсанаар Цайз зах болон түүний ойр орчмын түлээ, нүүрсний захуудыг зорилоо.
Захуудын үнэ хоорондоо ойролцоо байх ба ойр, хол хүргүүлэхээс шалтгаалан 5-10 мянган төгрөг “татна”, бөөнөөр нь авбал “сайн ярина” гэх мэтээр “ченжүүд”-тэй цөөн хором ярилцаж үнэ ханшийг сонирхлоо.
Цайз захад:
- ЗИЛ-130 машин буюу 5 тонн нүүрс 470.000 төгрөг
- 6 ковш нүүрс 380.000 төгрөг
- 3 ковш буюу нэг том портер нүүрс 210.000 төгрөг
- 2 ковш буюу жижиг портер нүүрс 140.000-160.000 төгрөг
- Том шуудай нүүрс 3000 төгрөг
- Жижиг шуудай нүүрс 1500 төгрөг
- Том шуудай түлээ 3000-3500 төгрөг
- Жижиг шуудай түлээ 1500 төгрөгийн үнэтэй байна.
Хар алт буюу нүүрс дотроо шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэтээр олон янз. Гэхдээ дийлэнх нь Налайхын нүүрс байх жишээний. Цайз болон Хангай захуудад Алаг толгой, Багануурын нүүрс хараахан орж ирээгүй байв. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхаас хоёр дахин бага байдаг аж. Ченжүүд долоо хоногт 1-2 удаа нүүрсэндээ явдаг бөгөөд наймааны “ид” үеэр 3-4 удаа явах тохиолдол ч гардаг гэнэ.
Олон жил түлээ, нүүрс зарж байгаа гэх А “Энэ жил худалдан авалт их муу байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багассан уу эсвэл цаг нь арай болоогүй гэж үзсэн үү. Сайн мэдэхгүй юм. Уг нь жил бүрийн өдийд хүний хөлөөр тасардаггүй юм. Авч байгаа хүмүүс нь ч бага багаар ганц хоёр шуудай нүүрс л авч байна. Үнийн хувьд харьцангуй хямд байна. Ноднингийн өдийд жижиг портер машин нүүрс 180.000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 140-160 мянган төгрөгийн үнэтэй байх жишээний. Үртсэн шахмал түлш зах дээр зарж борлуулах тусгай цэг нээх сураг сонсогдож байсан ч өнөөдрийг хүртэл алга. Хааяа нэг үртсэн шахмал түлш сурагласан хүн ирэхээс бус ихэнх нь сурсан, дассанаараа нүүрсээ л худалдан авах нь хэвээр байна” гэсэн юм.
Мөн түлээ, нүүрс зарж борлуулдаг “ченж” нэгэн залуугаас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр сүүлийн тав орчим жил “Цайз” захыг бараадан нүүрс, мод борлуулж байгаа аж.
-Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна вэ. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авалт бага байна гэх юм?
-Энэ жилийн хувьд харицангуй бага байгаа нь үнэн. Гэхдээ хүйтний эрч чангарахаар хүмүүс хүссэн хүсээгүй нүүрсээ худалдаж авна. Харин одоо бол нүүрс хийхийн оронд мод авч байх шив дээ.
-Иргэд ихэнхдээ хэр ихээр нь худалдаж авдаг вэ?
-Янз бүр шүү дээ. Мөнгөтэй нь машинаар нь авч, мөнгөгүй нь шуудайгаар нь авч байга. 2-3 айл дундаа нэг шуудай нүүрс хувааж авах тохиолдол ч байна.
-Энэ жил нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ямар түвшинд байна вэ?
-Нүүрсний үнэ хямд байна. Өнгөрсөн жилийнхээс машин нүүрс 20-30 мянган төгрөгөөр хямд зарагдаж байна.
-Хулгайн мод хэр их орж ирдэг вэ?
-Огт орж ирдэггүй. Учир нь заавал гарал үүслийн бичигтэй машинуудыг оруулдаг.
Түүнчлэн замын хажууд жижиглэнгийн түлээ, нүүрс зарж буй Х-тэй уулзахад “Уг нь бид нарыг хүйтрэхээр нэг хашаанд оруулдаг юм. Тэгэхгүй бол МХЕГ-ынхан ирээд шалгаж, хөөгөөд байдаг юм. Торгохгүй өнгөрнө гэж байхгүй. Тэр болгоны аясыг харж амьдардаг бид нар чинь торгуулийг нь төлөхөөс өөр аргагүй. Би олон жил нүүрс зарж байна. Амьдрал дээшилж байгаа юм алга. Бидэнд ашиг гээд байх зүйл бараг байдаггүй шүү дээ. Мод зардаг хүмүүсийг баян гэж яриад байдаг юм. Иргэдийн худалдан авалт муу байна. Өнгөрсөн жилийн моднууд одоо өрөөстэй хэвээрээ л байна шүү дээ. Иргэд мод үнэтэй байна л гэдэг. Бид зарагдахгүй болохоор аль болох хямдруулаад л өгдөг” гэж байв.
Мөн энэ үеэр нүүрс авч буй хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм.
Иргэн Д - “Хүйтрэх тусам үнэ нь өсдөг нь нууц биш. Тийм болохоор настай ээжийнхээ тэтгэврийг зээлэн байж нүүрсээ авч байна. Ченжүүд энэ жил Ченжүүд энэ жил нүүрс хямд байна гэж яриад байх юм. Ард иргэдийн нүдэнд тэр “хямд” үнэ нь харагдахгүй юм. Уг нь ахиухан мөнгөтэй байсан бол нэг машин нүүрс авчихмаар юм. Ганц нэг шуудай нүүрс юунд ч хүрэхгүй юм. Нялх хүүхэдтэй болохоор заавал нүүрс түлэхээс өөр аргагүй. Бид нарын амьдрал улам л хэцүү болоод байна даа. Яажшуухан энэ өвлийг давдаг юм бол доо”
Иргэн Э – “Нүүрсний үнэ харьцангуй хямд байх шиг байна. Өнгөрсөн жил дор хаяж 200.000 мянгаар авч байсан нүүрс өнөөдөр 170.000 мянган төгрөг болсон байна. Хүйтэрч, цас орохоос өмнө авчихвал арай хямд тусдаг юм. Хүйтрээд эхлэхээд ченжүүд үнээ нэмчихдэг” гэлээ.
Иргэн О - "Уг нь хүйтрэхээс өмнө түлээ, нүүрсээ авчихвал дээр байдаг юм. Тэгэхгүй бол захууд чинь хүмүүсийн хөлд дарагдаад, наймаачид ч тэр чинээгээрээ үнээ нэмчихээд, огт буулгадаггүй. Манайх нэг өвөл хоёр портер нүүрс түлдэг. Өнгөрсөн жил 180.000 төгрөгөөр авсан нүүрс 160.000 мянга болоод буурчихсан байна" гэв.